Дөчин түмэн Халх, Дөрвөн түмэн Ойрад буюу Дөчин дөрвөн түмэн Монгол.

Дөчин түмэн Халх, Дөрвөн түмэн Ойрад буюу Дөчин дөрвөн түмэн Монгол.

Их гүрний үед маш олон монголчууд харь оронд харъяат эздээ даган очиж суусан нь тэндэх нутгийн ард түмний дунд уусан шингэж , эцэг өвгөдийн гал голомтыг сахиж үлдсэн. Олонхи монголчууд нь Өмнөд Сибирээс Түмэн газрын урт цагаан хэрэм хүртэл , Хянганы нуруунаас Тэнгэр уулын асар уудам нутагт тархай бутархай оршиж байжээ. Алтай нуруунаас баруун тийшх нутгийг ойрадууд эзэлж , одоогийн Монгол улс ба Өвөр Монголын нутгийг ар, өвөр Монголчууд тус тус эзэлж байжээ.

Дээр цагт Зүүн Монгол дөчин түм , Баруун Монгол дөрвөн түм байсан гэдгээс үндэслэн “Дөчин Дөрвөн хоёр” гэж хэлэлцэх заншил гарчээ. Гэтэл Юань улсаас хойш зүүн монголыг Зургаан түмэн Халх, Ойрадыг урьд ёсоор Дөрвөн түмэн Ойрад гэж нэрлэсэн байна.

Батмөнх даян хааны үед Дорнод Монголын зургаан түмэн дотроо зүүн гурав, баруун гурав гэж бас хоёр гар болон хуваагдах болжээ. Зүүн гурван түмэнд Цахар, Халх, Урианхай багтаж, Баруун түмэнд Ордос, Арван хоёр Түмэд, Юншээбү, Асуд, Харчин нар орж байжээ. Зүүн түмнийг хаан өөрөө захирч , баруун түмэнийг жонон хэмээх хунтайж захирдаг болжээ. Жонон хэмээх нэр нь Юан улсын үеийн “цзин ван” гэдэг цол бололтой.

Батмөнх даян хаан , толгойгоо дааж захирагдахгүй байсан феодалуудыг аль болохоор цөөтгөж , хүчий нь сарниулах зорилгоор Урианхай түмний бослогыг дараад мөнхүү түмний зохион байгуулалтыг эвдэн , бусад түмэнд тараасан байх ба Даян хааны орыг залгасан Боди – Алаг ( 1521 – 1592 ) хаан баруун гурван түмнийг мөн задлан тарааж Зүүн түмэнд нэгтгэх зорилтыг тавьж байжээ.Тэр үеийн асар их ач холбогдолтой энэхүү сонин арга хэмжээний талаар бидэнд мэдээ сэлт даанч хомс байна. Юу ч болсон Түмэн засагт хаан “ Зургаан түмнийг цуглуулж их цааз хийж” Зүүн баруун түмний нэр бүхий ноёдоос бүрдсэн газрыг байгуулсан ажээ. Баруун түмний Алтан хан ( 1508 – 1582 ) Түмэн засагт хан нар харц албатаа ноёлон дарангуйлж байх явдлаа бататгахын тулд төрийн аппаратаа бэхжүүлэн , зэвсэгт хүчнээ чийрэгжүүлэхийн хамтад тус тусын улс түмнээ шарын шашныг тэтгэн дэлгэрүүлж, үзэл сурталын хүчит зэвсэгээ хийж, чухамхүү “хоёр ёс” өөрөөр хэлбэл “ төр шашныг хослон хөгжүүлснээр сая өөрсдийн хувирашгүй ноёрхолоо бататгаж чадна хэмээн ойлгож, энэ талаар онцгой санаа тавин ажиллаж байжээ.

Эдгээр зургаан түмэн нь овог аймгийн хуучин зохион байгуулалт буюу мянгатын үеийн цэргийн нэгж биш харин иргэний шинжтэй, "Халх түмэн” бол хааны мандсан язгуур үндэсний газар бөгөөд нөгөөтэйгүүр Монгол улсын ар хайгуул халхавчийн үүргийг биелүүлж байжээ. Цахар түмэн бол хааны өөрийн өмч аймаг бөгөөд дээр үеийн Хишигтний үүргийг биелүүлж байжээ. Цахар аймгийн дотор хишигтнүүд хэмээх нэгэн хэсэг байсан нь санамсаргүй хэрэг биш гэлтэй. Ер нь Цахар гэдэг нэр томъёо Халхын нэгэн адил эртний нэр боловч XIII зууны үеийн сурвалж бичгүүдэд тохиолдохгүй байна. Цахар бол “Цакир” гэдэг Дундад Азийн бие хамгаалах торгон цэргийн нэрнээс үүсвэрлэсэн бөгөөд Монголын хаад энэ нэрийг хожим авч хэрэглэсэн нь сонирхолтой юм. Зүүн түмний гуравны нэг нь Урианхайн түмэн бөгөөд Урианхай нар дайн байлдааны үеэр хааны цэрэг говийг гатлан мордоход урьдчилан явж худаг ус гаргах зэрэг үүргийг биелүүлж байжээ. Баруун түмэн Ордос бол Юан улсын түмэн бөгөөд Чингисийн онгоныг сахих үүрэгтэй байжээ. 12 түмэд бол бидний бодоход Чингис хааны үеийн “5 түшээ” хэмээх 5 гавъяат аймгуудын үлдэгдэл бололтой. Асуд бол мөн тэдгээр баатарлаг аймгуудын нэг мөн. Харчин нар бол Юан улсын үед хааны ундааны айргийг нийлүүлж байсан учраас “Харчин” нэр авсан хүмүүс юм. Хар айраг гэдэг бол тусгай аргаар , ямар ч хольцоогүй , дан сүүгээр эсгэсэн онц сайн айраг байсан бололтой.

Дөрвөн Ойрад

XV зууны тэргүүн хагасын Ойрад , Зүүн Монгол хоёрын тэмцэлд голдуу Ойрадууд ялдаг байжээ. Түүний гол шалтгаан нь тэр үед Ойрадын дотоод нэгдэл зохион байгуулалт нь чанд сайн байхад, Зүүн Монголын ноёд нь эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэж, төвийн захиргаа нь сульдаатай байсанд байдаг.

XV зууны эхэн үед Ойрадуудын хүчин сүрхий өсч Тогоон, Эсэн нарын эрх барьж байсан үед Ойрадын хуучин бүрэлдэхүүн болон газар нутагт зарим өөрчлөлт гарсан юм.

XV зууны тэргүүн хагаст Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнийг сурвалж бичигт Чорос, Торгууд, Хошууд нэг Ойрад, Хойд, Баатууд Түмэн нэг Ойрад, Өр Монгол нэг Ойрад, Барга, Буриад нэг Ойрад болж явсан гэжээ.

Чорос нь угтаа Бөртэ Чонын удмын Дува сохорын үр хойчис юм. Хошуудын ноёд нь Хавт Хасарын Угсааныхан байв. XV зууны хориод онд Хасарын 7 дахь үеийн ач Аригтөмөр нь Хянганы баруун тал, Хөлөнбуйр орчмын нутгаасаа өөрийн албатаа дагуулан Тогоон тайшийг түшиж ирсэн ажээ. Хошууд нэр анх XIII зууны тэргүүн хагаст Монголын цэргийн зохион байгуулалтаас үүсч, хожим аймгийн нэр болжээ.

Торгуудын язгууртан нь Хэрэйдийн Ван ханы угсааныхан юм. Турхагууд гэсэн нь сунжирч Торгууд болсон бололтой. Турхаг нь тураг, биеэрхүү гэсэн үг бөгөөд эрт цагт хааны ордон болон бие хамгаалах торгон цэргийг тийн нэрлэж байв. Торгуудын ноён Амгалан 1420 - иод оны орчим Бөхмөрөн хэмээх газраас Ойрадын Тогоон тайшийг түшиж очиход, Тогоон түүнд харъяатаасаа 50 өрхийн хамт өөрийн охиноо хатан болгон өгчээ. Хошууд Торгууд нар тийнхүү XV зууны эхээр Ойрадад нэгдээд , анхандаа хүч , нөлөө нь бага байсан тул Чоросын хараат байдалтай захирагдаж байжээ.
Дөчин түмэн Халх, Дөрвөн түмэн Ойрад хоёр нь Монголын эзэнт гүрний Монгол олон овог аймгийг хуваан захирч байсан ба одоогын Монгол улсын суурь нутаг ард иргэд билээ.

Эх сурвалж : Монгол улсын түүх. III дугаар боть


Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button