Дахиад л нэг барилга, дахиад л нэг амь

Дахиад л нэг барилга, дахиад л нэг амь

Мянган арвайнаас зүүний үзүүр дээр ганцхан ширхэг нь тогтож үлдэхтэй адил хувь заяагаар энэ хорвоо дээр ирсэн хүмүүс бид дээдийн дээд төрөлтөн биш бил үү. Гэтэл хүний амийг ялангуяа монгол хүний амь гудамжны нохойноос дор үнэлэгдэх цаг ирэв бололтой. Дахиад л эрдэнэт хүний амь эрсдлээ. Дахиад л...
Өчигдөр орой 17:00 цагийн үед Зуун айлын барилгын материалын захын орчим “Шилдэг шилтгээн” ХХК-ийн гүйцэтгэж буй “Залуу гэр бүл-2” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 орчим настай залуу өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдлаа. Биднийг очиход цогцсыг авч явсан ч цагдаагийнхан шалгалт хийж байсан тул барилга руу оруулсангүй. Гэр бүлийнхэнд нь барилгынхан тайлбарлаж өгснөөр бол давхарлаж тавьсан контейнер дээр тавьсан угсардаг шатыг байхдаа нэг метр ч хүрэхгүй зайд байх өндөр хүчдэлд хүрснээр газар дээрээ амиа алджээ. Залуу тус барилгад ажиллаад нэг сар л болж байгаа гэнэ. 

Машин ч зөрж багтамгүй давчуу зайд барьж буй барилгын ажилчдын байрладаг болон бараа материалаа хийдэг хоёр контейнерийг давхарлаж тавьсан нь өндөр хүчдэлийн шугаманд нэг метрийн зайтай ойртжээ. Ямар ч үйлдвэрлэлд өглөө бүр ажилчдадаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажлын байрны аюулгүй байдлыг хангах үүрэг бий. Гэтэл яагаад ганцхан метрийн цаана байх өндөр хүчдэлийг ажилчдад сануулсангүй вэ. 

Хэргийн газар Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний газар гээд олон байгууллагаас төлөөлөл ирсний дотор Нийслэлийн зүүн хэсгийн цахилгаан дамжуулах сүлжээг төлөөлөн хоёр мэргэжилтэн ирсэн. Тэд олон зүйл ярьж болохгүй гэдгээ учирлаад нэг зүйл хэлсэн нь “Өндөр хүчдэлийн шугамаас ажиллах зурвас хамгийн багадаа хоёр метр зайтай байх ёстой” гэв. Харин барилгын захиалагчид ирсэн ч цагдаагийн байцаагчтай холхон очиж уулзчихаад л яваад өглөө. Барилгыг хариуцсан хэн ч хэвлэл мэдээлэлийнхэнтэй уулзаж, тайлбар хийхийг хүссэнгүй. 

Гучхан намрын навчис, өвлийн цас, хаврын урь, дэлгэр зуныг үдсэн хайран залуу ид хийж бүтээх насандаа ингээд л хорвоогоос явчихлаа. Хэдхэн өдрийн өмнө бас л барилга дээр ажиллаж сургалтын төлбөрөө олох гэж байсан оюутнууд, бас нэг эмэгтэй өргөгч шатны олс тасарснаар унаж амь насаа алдсан хэргийг уншигчид маань санаж байгаа байх. Тэдний ард хэдэн хүн нулимсан далайд живж, хэдэн хүн тэдэнтэй уулзсан хамгийн сүүлийн уулзалтаа нэхэн нэхэн суугааг мэдэхгүй. 
Яг жилийн өмнө барилгын ослын талаар нэгэн хэлэлцүүлэг болсон. Тэнд оролцсон мэргэжилтнүүд барилгын осол ихэвчлэн жижиг компаниудад гардаг талаар ярьж байлаа. Энэ нь нөгөө л дээр онцолсон аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрддөггүйтэй холбоотой. Гүйцэтгэхээр авсан барилгын ажлаа хугацаанд нь дуусгахаар улайрч яарч байгаа тэдэнд өглөө ажилчдадаа зааварчилгаа өгөх 5-10 минут ч хайран байдгаас тэр. Өчигдрийн осол гарсан барилгын компани ч гэсэн үүний нэг нь. Ингэж хэлж байгаа учир нь уг орон сууцны барилгыг ирэх оны нэгдүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр гаднах самбар дээрээ төлөвлөгөөгөө дэлгэжээ. Гэтэл барилгын гадна талын фасадны ажил дөнгөж эхэлж байгаа харагдсан.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button