“Соён гэгээрлийн цуврал” булангийн энэ удаагийн зочноор Соён гэгээрүүлэгч телевизийн “Сонгомол ном” нэвтрүүлгийн хөтлөгч редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн-зохиолчЛ.Одончимэдийг урилаа.
-Та сайхан хаваржиж байна уу. Ойрдоо ном соёлын хүрээнийхэн ажил ихтэй байх шиг. Харин танытухайд ямар ажил амжуулав?
-Сайхаан, сайхан. Нээрээ л ажил ундарсан өдрүүд үргэлжилж байна. Орон даяар номын өдрүүд хэд хоног үргэлжиллээ. Араас нь ССАЖЯ, Үндэсний номын сан “Монгол бичгийн хэрэглээг өргөжүүлье” сэдэвт бичиг үсгийн баярын өдрүүдийг зохион байгууллаа. Үнэтэй ховор болсон эртний номын үзэсгэлэн гаргаж монгол бичгийн төрөл бүрийн уралдаан зохиосноо дүгнэв бололтой.
Миний хувьд зургаан номынхоо араас “Гурван бөхтэй тэмээ” нэртэй хошин шогийн долоо дахь ботио дуусгаад хэвлүүлж байна. Нэрт эрдэмтдийн хүчинд дулдуйдаж “Боржигин цэцэн вангийн хошууны нэвтэрхий толь” бичээд дуусгаж байна. Номын өдрүүдээр Дорноговийн Дэлгэрэх, Сүхбаатарын Мөнххаан сумдаар явж “Ээжтэй орчлонгийн наран” номын баяраа хийгээд, хөдөө сумдын номын сангийн тухай жаахан ярилцаад ирсэн. Анх удаа Чингисийн талбайд шилдэг номын батламжаа гардаж авлаа. “Интер ном”-д болдог хэд хэдэн зохиолчийн номын хуримд оролцсон, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч До.Цэнджав “Тэнгэрт хальсан тоос” туужийн номоо гаргасан гээд яривал сонин их байна.
-Саяхан таны төрсөн нутаг Дорноговийн Дэлгэрэх сумын 90 жилийн ой болно гэсэн зар яваадбайсан. Та ч бас зүгээр суугаагүй байх?
-Өвдөхөд эхийн ус, өвгөрөхөд нутгийн ус гэж үнэн үг юм даа. Нутаг руугаа гүйдэлтэй болж байна. Сумын 90 жилийн ойн номыг бүтээлцэж, кино хийлцэж байна. Монголдоо анхны ядууралгүй сум болсноо зарлахаар бэлтгэж байна. Манай суманд ядуу амьдрах суурь нөхцөл байхгүй. Сайн явж, сайхан амьдрах бүх нөхцөл бүрдэж байгаа сум. Бүтээлч 90 ажлаа дүгнэж баяраа тэмдэглэнэ дээ.
-Та бас Соён гэгээрүүлэгч сувгаар номын нэвтрүүлэг хөтөлдөг. Сүүлийн үед гарсан сайхан номуудын тухай бодлоо хуваалцаач?
-Сайхан ном гэдэг их харьцангуй ойлголт. Хэвлэлийн чанар сайжраад гял цал болсон ном их гарч байна. Судалгаанаас үзвэл 70 хувь нь гадаад хэлнээс орчуулсан ном байдаг гэсэн. Тэр нь голдуу мөнгө олох зорилгоор гэнэн хонгор залуус, боловсрол багатай уншигчдын сонирхлыг татсан, хүний сэтгэлд үлдэх юмгүй зохиолууд. Номыг ер нь хэнд, юунд зориулж бичдэг юм бэ. Хүн төрөлхтөний соён гэгээрлийн хөтөч, соёл иргэншлийг тодорхойлогч нь ном юм.
Монгол Улс эртний түүхт орон боловч бид шинэ замаар явж, шинэ нийгэм цогцлоож байна. Тиймээс байгальдаа хандах, нийгмийг ойлгох, гэр бүлийн амьдралаа зохицуулах, хүүхдээ хүмүүжүүлэх гээд хамгийн амин сүнс болсон асуудлуудыг шинээр авч үзэх шаардлага тулгарч байна. “Зам олохыг хүсвэл тэр замаар явсан хүнээс асуу” гэсэн мэргэн сургааль байдаг. Тэгвэл замыг номоос олно. Тэгэхлээр чухам ямар ном хэрэгтэй нь ойлгомжтой. Манай ахмад зохиогчид сайхан ном гаргаж байна. Монгол түүхийн гажуудлыг арилгах чиглэлээр гадаад, дотоодын түүхчид, зохиолчдын сайхан ном гарч байна. Г.Аким, О.Чинбаяр, Ж.Нэргүй гээд олон хүн дэлхийн сонгодогуудаас орчуулж байна. “Төрт ёс хаадын сан” ТББ, “Тоонот принт”, “Мөнхийн үсэг”, “Соёмбо принтин” гээд олон газар сайн ажиллаж байна. Саяхан Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Пүрэвдорж “Чингэс хаан ба тэнгэрийн увидас” гэж их сонирхолтой хоёр боть роман бичсэн. Түүхэн хүмүүсийг уран сайхны дүр болгож бичдэг хэлбэр их дэлгэрч байна.ССАЖЯ зохиолчдоос нь шинэ номыг шууд худалдаж авдаг болсныг дэвшил гэж үзэж байна.
Сайхан номын сан шүүгээ хийлгэж номын сангаа төрөлжүүлж, ховор нандин номын үнэ цэнийг мэдрүүлж байгаа хүмүүс ч байна. Гадаадаа тавилга их оруулдаг ч номын сан ерөөсөө авчирдаггүй байсан.
-Аливаад бэрхшээл саад заавал байдаг. Зөрчил ч гэжхэлсэн болмоор олон асуудал байх шиг. Энэ тухайтаны бодлыг сонирхъё?
-Зохиолчид, орчуулагчдаас гадна хэвлэх үйлдвэр, ном хэвлүүлдэг мэргэжлийн хүмүүс олширч үндэсний зохиолчдынхоо бүтээлийг дээдэлсэн хэсэг байхад мөнгө олох гэж гадаадын зохиол шүтэн биширдэг хэсэг бий болсон байна. Яг л мах гурилын ченж гэдэг шиг. Хэвлэсэн сайхан ном уншихыг зорьдог уламжлал хэвээрээ байхад цахим номоор хэрэгцээгээ хангадаг шинэ үе гарч ирж байна. Хотод ном овоолоостой байхад хөдөөд ном хомсдсон хэвээрээ байна. Суманд ном худадаж авах хөрөнгө хуваарилахгүйгээс номын сан нь хуучин номын агуулах мэт болж, хөдөөгийн хөдөлмөрчид, малчид номоор гачигдаж байна. Дөрвөн айлтай хотонд буухад тэнд ганц ч ширхэг номгүй байх жишээтэй. Харин шар сонингууд хэдийнээ хүрчихсэн, хив хадаг болтол уншчихсан сууцгааж байна. Сумын төвд бизнесменүүд сайхан сүм босгочихсон байхад төрөөс номын сан барьж өгөөгүй л байна. Сүмгүй байж болмоор. Номгүй байж болохгүй. Бүх аймгийн ердөө зургаа нь зориулалтын номын сантай, Архангай, Дархан-Уул гээд хоёрхон аймагт хүүхдийн номын ордонтой болсон байна. Гудамжинд ном зардаг хүмүүсийг ядахдаа нар, борооноос хамгаалах саравч барьж өгмөөр байна.
-Монгол хэлнийхээ өв санг цэврээр нь авч явах, бүтээлчээр баяжуулах асуудал тулгарч байхадзохиолчдын үүрэг хариуцлага гэж баймаар санагдах юм. Энэ тухайд?
-Домогт Б.Ринчен гуайн үеэс эхлээд эх хэлээ цэвэр ариун байлгах, бас уйгаржин бичгээ хэрэглэх талаар манай зохиолчид үүргээ биелүүлж ирсэн. Тэдний шавь нар одоо тэмцэж л байна. Харамсалтай нь өнгөрсөн тогтолцооны үед орос ах нараас айгаад, одоо болохоор америкаас эмээгээд монгол бичгээ зөвхөн улс төрийн наадгай болгож цаг барж байна. Ерөнхийлөгч, гадаадад явуулах төрийн албан бичгийг уйгаржингаар бичих шийдвэр гаргасан. Ойроос нь В.Путингаар жишээ татъя. Манайтай харилцахын тулд Оросын Ерөнхийлөгчийн албанд уйгаржин бичигтэй хүний орон тоо бий болгох уу. Эсвэл монгол судлаач эрдэмтдээр крилл болгуулаад бас орчуулах уу. Уйгаржин бичгээр, орос хэлээр бичих үү. Энэ их сонин. Дэлхий даяар англи хэлээр дипломат үйл хэргийг хөтөлдөг байхад, Монгол Улсаас уйгаржингаар бичсэн бичиг очиход ямар санагдах бол. Түүний оронд эхлээд яамд, агентлангууд, аймгийн хооронд харилцах бичгийг уйгаржингаар бичдэг болгочих. Тэгвэл энэ түшмэлүүд аяндаа уйгаржинтай болно. Төрийн албаны нэг шалгуур нь уйгаржин бичиг болог л дээ. Уран зохиолын үг хэллэгийн тухайд бас хоёр дүр төрх харагдаж байна. Ахмад зохиолчид жирийн монгол амьдралын, хөдөөгийн малчдын үг хэллэгээр бичиж байна. Зарим нь уйгаржин бичгийн аялгаар ч бичих болж байна. Гэтэл үүнийг уншаад сайн ойлгохгүй, хоцрогдсон нөхөд гэж хэлэх хэсэг байна. Гэтэл орчин үеийн үг хэллэгээр бичдэг шинэ үе гарч ирж байна. Үүнээс болоод дур зоргоороо бичдэг, этгээд, гадаад үг хэллэг чөлөөтэй хэрэглэдэгг болох тийшээ хандаж байна. Үүнийг “Төрийн эх хэлний зөвлөл”, тэнд ажиллаж байгаа ганц хоёр хүн арилгах боломжгүй. С.Дулам бид хоёр “Төрийн эх хэлний хууль”-ийг батлуулсан. Хууль огт хэрэгжээгүй. Төөрсөн хүн Улаанбаатарт ирвэл харь гаригт ирлээ гэж бодохоор үл ойлгогдох тийм олон янзын хэлээр бичсэн нэр хаяг, зар сурталчилгаа эрээлжилнэ. Ер нь дүрэм, үг хэллэг гэсэн хоёр асуудал байгаа юм. Цэвэр сайхан монгол хэлээрээ бичвэл дүрмийн алдаатай ч гэсэн ойлгохсон. Ер нь үг сонголт нь гажигтай, дүрмийн алдаатай бичдэг явдал зохиолчид гэхээсээ, залуу сэтгүүлчдэд голдуухан тохиолддог нь худал биш. Хүний анхаарлыг татах, чамирхах, гадаад хэл устай хүн болж харагдах тийм өвчний үе байдаг л юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг яаж ч бичсэн болно гэсэн үг биш байхаа. Боловсрол муутай, болхи хэллэгтэй сонин сэтгүүлийг захиалахаа больж, хариуцлагагүй хандсан сэтгүүлчдийг зүгээр л ажлаас нь чөлөөлдөг гадаадын туршлага бий. Сая аймгуудын номын санчидтай уулзахад уран зохиолын ном ч үг үсгийн алдаа ихтэй хэвлэгддэг гэж шүүмжилсэн. Үүнийг зохиолчид бид ч анхаарах ёстой. Ном зохиол бичихэд дээрээс элдэв хяналтгүй болсноос биш редакторлохгүй гаргана гэсэн үг биш. Тэгэхээр бид ч жолоогоо сул тавих учиргүй.
-Бичгийн дүрмээ өөрчилнө. Цагаан толгойнхоо үсгийг цөөлнө гэж яриад байгаа. Та энэ талаар ямарбодолтой байна?
-Нэг талаас монгол хэл, уран зохиолын хичээлээ олигтой зааж сургахгүй, бас ном уншихгүй болсноос, нөгөө талаас компьютер, гар утас, сайт гээд л латин үсэг, англи хэлний хөлөө ихэссэнээс, дээр нь Эх хэлний тухай хуулийг үл хайхарснаас болж зөрчил будлиан үүсээд байгаа болохоос үсэг нь олдоод, дүрэм нь муудаад байгаа юм байхгүй. Муугаар бодвол цаад санаа нь Монголыг монголоор нь байлгах, түүх соёлын өв сан, уламжлалаа хадгалахын эсрэг нөлөө л тусаад байгаа юм. Даяаршил гэдэг сайхан нэрийн дор Монголыг уусгаж, бахархан шүтэх, биширч дээдлэх юмгүй сармагчин мэт залуусыг үржүүлэх, бүр сүүлдээ ямар ч эсэргүүцэлгүйгээр баялгийг нь цөлмөж Африк шиг болгоход зугуухан бэлтгэж байгаа хэрэг юм. Хятад хэл, ханз бичиг гэдэг далайд живчихгүй эх хэл, уйгаржин бичгээ авч үлдсэн өвөрмонголчуудаас бид ичмээр юм.
-Та олон айлаар явж TV-ийн бичлэг хийсэн хүн. Номтой холбоотой нааштай гэж хэлмээр ямар зүйлсажиглагдав?
-Зуу шахам айлаар орж олон арван оюунлаг хүмүүстэй уулзаж, номын нэвтрүүлэг хийсэн. “Номтой нөхөрлөе” клуб байгуулсан залуустай ч уулзсан. Бараг TV бүхэн шинэ ном ярьдаг боллоо. Ном бэлэглэх нь элбэгшиж байна. Сайхан номын сантай болж, үр хүүхэддээ өвлүүлэх гэсэн тийм хөдөлгөөн ажиглагдаж байна. Сайхан номын сан шүүгээ хийлгэж номын сангаа төрөлжүүлж, ховор нандин номын үнэ цэнийг мэдрүүлж байгаа хүмүүс ч байна. Гадаадаа тавилга их оруулдаг ч номын сан ерөөсөө авчирдаггүй байсан. Одоо өөр болж, бас дотооддоо их гоё номын сан хийдэг залуус гарч ирлээ. Ер нь номонд хандах хандлага нийтдээ өөрчлөгдөж ахиц өөрчлөлт гарч байна.
- Номын соёл гэгээрлийг улам хөгжүүлэхэд цаашид онцлон анхаармаар ямар асуудлууд байна?
- Би ер нь анхаарах гол зүйлийг дээр дурдлаа. Үндэсний номын сангаа хурдхан босгомоор байна. Хуучнаар Сталиний ноын сан дэндүү өвгөрлөө. Аймаг, дүүрэг, сум бүрт орчин үеийн номын сантай болгох хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна. “Саалиа базаахаар саваа бэлд” гэж үг бий. Сав нь байвал унших хүн, уншууштай ном нь байна. Баян тансагаараа цоллуулдаг улс төрчид, бизнесменүүдээс төрөлх нутагтаа номын сан эхэлж байгуулсан нь түүхэнд мөнхөрч үлдэх цаг ирсэн байна. Сүм дуган, суварга босгох нь сайхан хэрэг. Гэвч ном уншиж гэгээрсэн хүн л шашны мөн чанарыг ойлгож шүтэн бишрэх зөв замаа сонгож чадна. Ингэж чадаагүй бол нөгөөх мухар сүсэг гэгч нь болдог. Ингээд бодохлоор номын сан чинь сүм хийдийн өмнөх шат нь гэж үзэж болно. Монголчууд эртнээс бурхны шашныг шүтэж ирснийг коммунистууд мухар сүсэг гэж нэрлэдэг байсан. Өнөөдөр харин олон шашин, дээрээс нь бөө мөргөл, зөн билгэтэн, мэрэгч төлөгч, ховсчид үржиж толгойг нь эргүүлээд жинхэнээсээ төөрөлдөж, мухардаж, мөнгөтэй хүмүүс дэмий юманд хэдэн төгрөгөө үрж, зарим нь тэдний хөлд чирэгдэж байна. Шуудхан хэлэхэд ердийн ухамсрын түвшиндээ болон түүнээс доошлоод улам л харанхуй болж байна. Энэ хүн ер нь ийм их нүгэл хийсэн юм болов уу эсвэл тийм их буян хийдэг хүн үү гэмээр зүс таних хүмүүс ч байх юм. Тэд Далай лам, Хамарын хийд, Итгэлт хамба, зүүн баруун хүрээ хаана л бол хаана явж харагддаг. ССАЖЯ Номын сангийн тухай хууль боловсруулж байгаа нь сайн хэрэг. Архи, тамхи ярьж байхын оронд ном ярьдаг болвол илүү гэгээрэхсэн.
Соён гэгээрүүлэх ажил эрхэлдэг байгууллага гэж алга. Задгайрсан нийгмээс хүн өөрөө хөл дээрээ босч төлөвших ёстой юм байна л даа. Тэгвэл ийм үед ганцхан сайн хань бол ном. Үр хүүхдээ компъютер, PС-тэй биш, номтой нөхөрлүүлэхсэн. Энэ олон TV сайхан юм олж үзүүлж эс чадваас дээрэм тонуул, алаан хядаан, садар самуун, хэрүүл маргаан үзүүлдэггүй болоосой.
Омог хөдлөөд нэг удаа,
Одоогийн энэ баруудыг
Ойдоо сармагчин байхад
Омголон хүлэгээ унаад
Орчлонгийн талыг эзэгнэж явсан монголчууд гэж шүлэг бичсэн.
Ихэнх улс гүрэн үндэсний бичиг үсэггүй байхад монголчууд тав, зургаан бичиг үсэг зохиосон. Номыг дээдэлж алт, мөнгө, шүр, сувдаар урладаг өөр ард түмэн бас л ховор. Монголчууд, “Ном дор мөргөмү, Лам дор мөргөмү” хэмээн номыг бүхний дээр тавьдаг. Эндээс харахад эхлээд номоо үзчих, дараа нь шүтэж бишир гэсэн сургааль шууд харагдана.
Саргүй тэнгэр нэг харанхуй
Хоньгүй хот нэг харанхуй
Номгүй толгой нэг харанхуй гэдэг юутай үнэн үгсэн билээ.
Ч.ОЛДОХ
ЗУУНЫ МЭДЭЭ