Монгол орны суурин газруудад байх цэцэрлэгт хүрээлэнгүүдээс хамгийн олон жилийн настай дээр хамгийн том эзэмшил талбайтай таримал эко хүрээлэн бол яах аргагүй ШУА-ийн харъяа Ботаникийн хүрээлэн билээ. Ботаникийн цэцэрлэг дэх ногоон байгууламж нь нийслэл хотын оршин суугчдын чөлөөт цагаа идэвхитэй өнгөрүүлж ургамлын ертөнцийг танин мэдэх, соёл амралт, үзмэрийн хэсгүүдтэй, ургамлын музей, оранжерейн цогцолбороос бүрдсэн нийтийн эзэмшлийн зориулалттай ногоон бүс юм.Иймээс Баянзүрхчүүд амарч, салхилах, хүүхэд хөгшидийн тоглож, цугларах ганц газар нь энэ ажээ. Өвлийн улиралд утаагаар амьсгалж, зунб цагт уушгаа “цэвэрлэх ганц газар нь энэ болдог гэдэд худлаа хэлсэн болохгүй. Иймээс тэндхийн иргэд бусад дүүрэгт байхгүй цэцэрлэгт хүрээлэнтэйдээ олзуурхана.
Гэтэл сүүлийн жилүүдэд тус хүрээлэнгийн газраас танаж авах гэсэн, бүтээн байгуулалт нэрийн дор газраас хумслах гэсэн шуналтан, эрх мэдэлтэнүүд дэндүү олон болжээ. Тэд төрийн төмөр нүүрийг гарган ийм ч даргын тогтоол тийм ч сайдын тушаалтай хэмээн жил бүр л Ботаникийн хүрээлэнгийн газарруу давшлах болж. Саяхан гэхэд л Бүх нийтийн мод тарих өдрөөр “Эмнэлгийн цогцолбор барина” гэсээр хэсэг хүмүүс хашаа хатгахаар ирсэн. Үүнтэй хүрээлэнгийн ажилтнууд маргалдаж, “мөргөлдсөнөөр” хашааг нь хатгуулалгүй явуулсан ч энэ асуудал өнгөрсөн долоо хоногт мөн л давтагдсан юм. /Ботаникийн цэцэрлэгийн хашаан дотор баруун урдаас нь хойд зах хүртэл 8 га газарт барилга барих газраа цагаанаар тэмдэглэж хил татсан байдал/.
Иймээс хүрээлэнгийн үйлдвэрчний хорооны гишүүд хурлаа хийж, Нийслэлийн засаг даргын захирамжаар газар нутгаас нь авах гэж байгаатай холбоотойгоор Түр хороо байгуулжээ. Ингээд хүрээлэнгийн газраа ногоон чигээр нь авч үлдэхээр тэмцэж байгаа Түр хорооны нарийн бичгийн дарга, ШУА-ийн харъяа Ботаникийн хүрээлэнгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга, доктор Д.Зооёотой ярилцлаа.
-Ботаникийн хүрээлэнд жилийн жилд газрын маргаан үүсэх боллоо. Хаанаас ямар хүмүүс энэхүү газарт эмнэлгийн цогцолбар барих гээд байгаа юм бэ?
-Энэ асуудал бүр өнгөрсөн оны тавдугаар сард эхэлсэн юм шүү дээ. ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэгийн эзэмшил газартай холбоотойгоор тус цэцэрлэгийн тогтвортой хөгжлийг алдагдуулж хөрөнгө оруулалтыг нь бодлогоор тасалж, хагас зуун жилийн туршид олон зуун судлаачид оюуны хөдөлмөрөө шингээн бүтээн байгуулсан ногоон байгууламжийг устган газрыг нь үнэгүйдүүлэх замаар хуваан эзэмшихээр хэсэг бүлэг эрх мэдэлтнүүд давшилж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны долоодугаар сарын 30-ны өдрийн 87-р тогтоол, Нийслэлийн засаг даргын 2013оны 9 дүгээр сарын 5-ны А/827, мөн оны А/839, А/994 тоот тус тус захирамжууд гарч, бидэнд ирээгүй тогтоол, захирамжуудыг БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ш. Булга-Эрдэнийнгарын үсэгтэй 2014.4.22-ны А/136 тоот тушаалаас бид мэдсэн болно.
Эдгээр захирамж, тогтоолын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны зориулалттай Ботаникийн цэцэрлэгийн 346948 м2 талбай бүхий ногоон байгууламжаас сургалтын эмнэлэгт 8 га, сургууль цэцэрлэгийн барилгад 2 га, нийт 10 га газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор олгохоор шийдвэрлэсэн байсан. Бидэнт энэ талаар огт яриагүй. Дээгүүрээ шийдвэрлэсэн байсан. Энэ нь ногоон байгууламжийг устгах, үгүй хийх нөхцлийг бүрдүүлж байна.
-Тэгэхээр та бүхэн энэ асуудлын эсрэг байгаа юм байна. Хүрээлэнгийнхээ газрыг авч үлдэхийн тулд танайхаас ямар арга хэмжээ аваад байна вэ?
-Эхний ээлжинд энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр тр хороо байгуулаад байна. Ингээд бидэнд мэдэгдэлгүйгээр гаргасан тогтоол, захирамжуудынхаа талаар ажлын гурав хоногт багтаан хүрээлэнгийн ажилтнуудтай уулзаж, энэ талаарх мэдээллийг өөрийн биеэр өгөх ёстой, ярилцах ёстой гэсэн шаардлагыг Хотын захирагч Э.Бат-Үүлд энэ сарын 20-нд хүргүүлээд байна.
Мөн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусалд холбогдох сайд, гишүүдэд энэ талаар хүсэлт илгээгээд байгаа.
-Хүрээлэнгийн яг хаана нь ямар бүтээн байгуулалт хийнэ гээд газраас нь авах гээд байгаа юм болоо?
-Авах гээд байгаа 10 газар нь хүрээлэнгийн баруун хойд буланд байрлалтай. Бүх нийтээр мод тарих өдөр Нийслэлийн засаг даргын захирамжтай бичиг барьчихсан хүмүүс хашаа хатгахаар ирэхэд нь бид эсэргүүцсэн. Дараа нь дахиад ирсэн. Хуучнаар Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль одоогийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эмнэлгийн цогцолбор барих юм гэсэн.
-Ботаникийн хүрээлэн яг хэзээ байгуулагдаж байсан бэ?
-Уул нь Ботаникийн хүрээлэн нь нь анх БНМАУ-ын 1964 оны "Ботаникийн цэцэрлэг байгуулах тухай" 82-р тогтоол, 1975 онд БНМАУ-ын 618-р тогтоолоор "Ботаникийн цэцэрлэгийг өргөтгөн байгуулах арга хэмжээний тухай" шийдвэр гарсаны дагуу Ботаникийн цэцэрлэгийг Амгаланд 32 га талбайд байгуулахаар түүний техникийн зураг төслийг, ажлын зургийн хамт зохиосны дагуу Ботаникийн цэцэрлэгийн бүтээн байгуулах ажил эхэлж байсан түүхтэй юм.
Тус цэцэрлэгт хүрээлэн нь эрдэм шинжилгээ, сургалт гэгээрэл, танин мэдэхүй, соёл амралтын байгууллага бөгөөд манай орны байгалийн ба гадаадын гаралтай төрөл бүрийн гоёл чимэглэл, хүнс, тэжээлийн ашигт, ховор, ховордсон ургамлыг тарималжуулж, нутагшуулж хамгаалах талаар иж бүрэн судалгаа хийдэг сорилын ботаникийн гол төв ажээ. Ботаник цэцэрлэг нь үзүүлбэрийн буюу ногоон байгууламжийн бүс, эрдэм шинжилгээ-туршилт сорилын ажлын бүс гэсэн 2 үндсэн хэсэгтэй.
Мөн эндхийн ногоон байгууламжид ойр орчны иргэд салхилж, зугаалдаг. Гадаад харилцаа гэвэл Зүүн Өмнөд Азийн Ботаникийн цэцэрлэгүүдийн Холбооны гишүүнээр 2006 онд элссэн. Үр солилцооны шугамаар гадаадын 20 гаруй орны 38 ботаникийн цэцэрлэггэй хамтран ажилладаг.
Танайд одоогоор хичнээн төрлийн ургамал ногоо тарьж, ургуулж байна вэ?
-Судалгааны үр дүнд 16 овгийн 536 зүйл 29 сортын мод, сөөг, цэцэг чимэглэлийн өвслөг ургамлыг нутагших ирээдүйтэй болохыг судлан тогтоосон.
Нийт 150 гаруй зүйл ургамлын амьд цуглуулгын дээжис, услалтын ил болон далд системтэй, үзмэрийн хэсгүүдийг байгуулах тарьц суулгацын эх материал бий болгох ажлыг хийж байна.
Шилмүүст болон навчит мод, сөөгний цуглуулга-үржүүлгийн хэсэгт 120 гаруй зүйл, 6 хэлбэр чимэглэлийн болон эмийн өвслөг ургамлын талбайд байгалийн олон наст 20 овгийн 32 төрөл 70 зүйл үүнээс ховор, нэн ховор ургамал 6 овгийн 12 төрөл 18 зүйл, гадаадын 40 орчим сорт, нэг наст цэцгийн 30 орчим зүйлийн цуглуулгыг бүрдүүлээд байна. Майлаас, Хус, Голтбор, Далан хальс, Тавилгана, Сарнай, Цахилдаг, Цээнэ, Сараана, Хумхаал, Арилд, Сонгинын төрөлжсөн цуглуулгын зүйл сортын тоог нэмэгдүүлэх, тэдгээрийг тарималжуулах, нутагшуулах туршилт судалгааг явуулж байна.
Нутагших ирээдүйтэй 100 гаруй зүйл мод, сөөг, өвслөг ургамлыг хотын ногоон байгууламжинд тасралтгүй үргэлжлэн цэцэглэж чимэглэх цэцэрлэг байгуулахад ашиглах боломжтойг судлан, үйлдвэрлэлд шилжүүлээд байна. "Ботаникийн цэцэрлэгийг сэргээн босгох, бүтээн байгуулах" ажлын хүрээнд 8,2 га талбайн ногоон байгууламжинд нийт 40 гаруй зүйлийн 30-аад мянган ширхэг мод, сөөгийг тарьж, 20000 м2 талбайг зүлэгжүүлж, 3020 м2 талбайд нэг наст цэцгийн мандал бий болгож, альпинари байгуулах ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэсэн.
Энэхүү хөрөнгө оруулалтын хүрээнд 900 уртааш метр хашааг шинэчлэх, 1600 уртааш метр хашааг сэлбэн сайжруулах, гол хаалга, харуулын байр барьж, инженерийн хийцтэй услалтын далд системийг сэргээн засварлах, шинээр бороожуулах усалгааны төхөөрөмж суурилуулах, 2 гүний худаг шинээр гарган монтажлах зэрэг ажлуудыг гүйцэтгэснээр Ботаникийн цэцэрлэгт хашаа, хамгаалалт сайжирч, усалгааны найдвартай эх үүсвэр бий болсон.
Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. Нэмж хэлэхэд, Байгальд халтай уул уурхайн салбараа ногоон эдийн засагтай хослуулан эмзэг экосистемийн тогтоцтой Монгол орныхоо ногоон хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхэд ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, түүний харьяа Ботаникийн цэцэрлэг толгойлон гүйцэтгэх үүрэгтэй аж.
Ногоон байгууламжийн мэргэжлийн мэргэшсэн байгууллагын хувьд Ботаникийн цэцэрлэг дэлхийд ховордон, Монголд нөөц нь шавхагдан устаж буй, устаж болзошгүй байгалийн ургамлын генийн санг амьд хэлбэрээр хадгалан, биотехнологийн болон уламжлалт аргаар үржүүлэн олшруулж байна. Монголын Ботаникийн цэцэрлэгийг Төв Азийн ургамлын санг хамгаалахад чухал үүрэгтэй хэмээн өндрөөр үнэлэн, 2006 онд дэлхийн олон улсын Ботаникийн цэцэрлэгүүдийн холбоо албан ёсоор гишүүн байгууллагаараа бүртгэжээ.
Тиймээс Ботаник цэцэрлэг орших уу, эс орших уу гэдэг нь өүх нийтийн асуудал юм.
Эх сурвалж оллоо.мн