Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой 2014.05.20 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Уулзалт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины буудалласан зочид буудалд болсон бөгөөд уулзалтын эхэнд ноён Путин Монгол, Орос хоёр улс он удаан жилийн уламжлалт түүхэн харилцаатай явж ирсэнийг дурдаад хоёр орны харилцааны цаашдын ирээдүйг өөдрөгөөр харж байгаагаа хэллээ. Түүхэн харилцааны нэгээхэн хэсэг болсон Халхын голын ялалтын 75 жилийн ойг энэ оны наймдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг В.Путин онцоллоо. “Гэхдээ манай хоёр орон цаашид хэрхэн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх вэ, эдийн засгийн бүтцээ хэрхэн харилцан ашигтай өөрчлөх вэ гэдэг дээр бидэнд ярилцах зүйл бий” хэмээн ноён В.Путин хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэд хэдэн сэдвийн хүрээнд, тухайлбал, төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, мөн хоёр орны иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа хэллээ.

“Монгол Улс бол БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замынтээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан төмөр замын транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал юм” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Ирэх наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой тохионо. “Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс энэ түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд энэ ойн баярт хүрэлцэн ирж оролцохыг урьж байгаагаа Ерөнхийлөгч В.Путинд уламжиллаа. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ц.Элбэгдорж илэрхийллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгож байгаа асуудлуудыг ОХУ-ын тал хүлээн авч харилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг хариу урилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович  Путин нарын уулзалт хоёр улсын эдийн засгийн  уламжлалт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарал хандуулсан нөхөрсөг яриа хэлэлцээ болов.

Дашрамт дуулгахад: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Шанхай хотноо өнөөдөр нээгдэж байгаа Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал АХАИББХ-д оролцож байгаа юм.

.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button