ИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанд 42 гишүүн хүрэлцэн ирснээр 14.40 цагт эхлэв. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх ажлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Түүнийг дотор нь задалснаар Засгийн газар 100 хоногийн хугацаанд 70 гаруй ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, импортыг орлохуйц бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүэтэгдэхүүнийг худалдаж авах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах. Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх. Энэ хүрээнд Лондонгийн хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн бирж хооронд хамтран ажилласан, зөвлөх үйлчилгээ авч ажилласны төлбөрийг хийх. Төгрөг юанын своп хэлцлийг нэмэгдүүлэх.
Чанартай, авто зам, барилга бариулахын тулд Тендэрийн хуульдаа өөрчлөлт оруулна. Эдийн засгийн хөгжлийн яам хуулийн төслийг боловсруулсан бөгөөд түүнд хамгийн бага үнийн санал ирүүлдгийг шалгаруулдаг өнөөгийн тогтолцоог өөрчилсөн, төдийгүй тендэр зарласан хугацааг багасгасан байна. Мөн иргэдийн худалдан авалтыг урамшуулах зорилгоор НӨАТ-ын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс НӨАТ төлдөг, тэгвэл түүнийхээ 2 хувийг оны эцэст буцаан авахаар төсөлд тусгасан байна. Мөн НӨАТ-ын босго 10 сая байгааг 50 саяд хүргэхээр хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн тул яаралтай баталж өгөхийг Ерөнхий сайд онцлов.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийх ажлын нэг нь төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнтэй болгох гэнэ. Түүнчлэн төрийн шаардлагагүй хяналт шалгалтыг зогсооно. Тэр хооронд хяналтын байгууллага нь бизенс эрхлэгчид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах юм байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд орхигдсон асуудал нь хувийн өмчийг хамгаалах тухай аж. Тиймээс Өмчлөх эрхийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ, мөн үл хөдлөх хөрөнгөтэй иргэдэд зээл авах өргөн боломжийг бүрдүүлнэ.
Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах чиглэлээр дунд хугацааны хөтөлбөр боловсруулна. Засгийн газрын хувьд зөвхөн орон сууцны зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжүүлсэн. Бусад зээлийн хүү буурахгүй байгаа, энэ ажлыг хийхэд нэг, хоёр жил хүрэлцэхгүй. Урт хугацаанд алгуур хийх ажил гэж үзэж байгаа аж. Мөн Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх юм байна.
Оюутолгой төслийн далд уурхайн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана. Эрдэс баялгийн бодлогын зөвлөл байгуулж, ажиллана.
Дутуу баригдсан үйлдвэрийг ашиглалтад оруулахад онцгой анхаарна. Энэ ажлыг 1 их наяд төгрөгөөсөө дэмжих гэнэ. Энэ мэтчлэн 70 ажил хийхээр төлөвлөснөө Ерөнхий сайд танилцууллаа.
Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс дүгнэлт танилцуулаад байна. Дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хийж байна.