ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ
УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв


УИХ-ын дарга З.Энхболдын БНХАУ-д  хоёр өдрийн албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хийж буй энэ удаагийн албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхсан. Түүнчлэн тус улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай   уулзаж, “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороо хоорондын хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм. Aйлчлалын хоёр дахь өдөр Хятадын үндэсний газрын тосны корпораци болон Хятадын газрын тос, химийн корпорацийн удирдлагуутай уулзаж, зарим асуудлаар ярилцсан билээ.

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд болж буй төрийн айлчлалуудын нэг болох УИХ-ын дарга З.Энхболдын албан ёсны айлчлалын багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг,  УИХ-ын гишүүн,  Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид багтсан юм.
 

Нийслэлийн 375 жилийн ой тохиолоо


Одоогоос 375 жилийн өмнө буюу 1639 онд Халхын анхдугаар Богд өндөр Гэгээн Занабазар “Ширээ цагаан” нуурт Шар бүсийн Өргөөгөө цогцлоон барьсныг Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт он цагийн эхлэл хэмээн үзэж өнөөг хүртэл нийслэлийн ойн арга хэмжээг өргөн тэмдэглэдэг уламжлалтай болжээ. 

Ойн хүрээнд өнөөдөр нийслэлийн хэд хэдэн газар ёслолын үйл ажиллагаа болсон юм. Үүнд анх хотын шавыг тавьж байсан “Мэлхийт” хөшөөнд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Чингис хааны талбайд Монгол Улсын туг болон нийслэлийн тугийг залах ёслол боллоо. 

Мөн энэ өдөр “Их хүрээг өнгөтөөр дүрсэлсэн анхны зураг”-ийг хотын захиргаанд дурсгалаа, "Сэрж буй Улаанбаатар хот" баримтат кино бүтээлээ, “Их хотын хямдрал” арга хэмжээ боллоо, НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо, “Улаанбаатар хотын түүх”-ийг харуулсан дөрвөн номыг өлгийдөн авлаа, "Хотын даргын нэрэмжит парад шоу" боллоо гэх мэтчилэн олон сайхан арга хэмжээнүүд болсон юм.
 

Найман ихрийн гэр бүлд гурван өрөө байр бэлэглэлээ


Нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр нийслэлийн Засаг дарга ховор тохиолдлоор дөрвөн удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж найман хүүхэдтэй болсон  Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарт орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын  Ерөнхийлөгчөөс  өгсөн үүргийн дагуу уг шийдвэрийг гаргасан бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар Д.Энхтөр, Ц.Ундрах нар орон сууцны түлхүүр, байрны гэрчилгээг гардуулсан юм. Өрхийн тэргүүн Д.Энхтөр Спортын төв ордонд 25 жил ажиллаж байгаа бол Ц.Ундрах ЭХЭМҮТ сувилагчаар 21 ажиллажээ. 
 

Л.Гансүх батлан даалтад гарлаа


Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг батлан даалтад гаргаж болно гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Энэ дагуу 10 дугаар сарын 29-ний өдөр түүнийг батлан даалтад гарлаа.

Түүнийг өнгөрөгч долдугаар сарын 29-ний өдөр "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад 3.6 тэрбум төгрөгийг хохирол учруулсан хэмээн саатуулсан байдаг. Гэвч энэ хэрэгт ямар хамааралгүй хэмээн сүүлийн 10 хоногийн турш өлсгөлөн зарлаад байсан юм. Үүний улмаас биеийн байдал муудаж, батлан даалтад гарах үедээ түшүүлэн гарч ирж буй бичлэг зураг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан.
 

Онцгой байдлын газар 12 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ


Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газар хоорондын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх,  тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-нд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, “Розенбауэр” компанийн гүйцэтгэх захирал Херберт Пелингер нар гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл нь нийт 5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий 4 төрлийн 16 автомашин, дагалдах 2000 гаруй тоног төхөөрөмжийн хамт  нийлүүлэгдэнэ.

Монголын эрс тэс уур амьсгалд тохируулан үйлдвэрлэгдэх евро стандартын эдгээр автомашин техник хэрэгсэл 2015 оны 09 дүгээр сар гэхэд манай улсад нийлүүлэгдэж эхлэх юм.  Хөнгөлөлттэй зээлийн төсөлд Улаанбаатар хотоос гадна Архангай, Булган, Хөвсгөл, Орхон зэрэг 11 аймаг хамрагдаж, 2015 онд евро стандартын техник хэрэгслээр хангагдахаар боллоо.
 

МХБХ-нд аудитын шалгалт орууллаа


Монгол хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй А.Ганбаатар  холбооныхоо санхүүд аудитын шалгалт орууллаа. Шалгалтаар олон улсын хөлбөмбөгийн холбооноос 2010 оноос хойш хоёр сая гаруй ам.долларыг манай улсад өгсөн болохыг “Өлзийт Экаунт Аудит” ХХК санхүүгийн шалгалт хийх явцдаа илрүүлээд байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button