УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж, иргэн н.Эрдэнэцэцэг нараас ирсэн гомдлыг хэлэлцлээ.
Иргэн н.Эрдэнэцэцэг нь боловсролын салбарт 31 жил ажилласнаас 25 жил нь төрийн өмчийн сургуульд, үлдсэн зургаан жил нь хувийн сургуульд багшилснаар тэтгэврээ тогтоолгож, нэг удаагийн мөнгөн тэтгэлэг авах болоход түүнийг нь олгоогүй аж.
Өнгөрсөн жилээс хойш нэг удаагийн мөнгөн тэтгэлгээ авахаар хөөцөлдсөн боловч шийдүүлж чадаагүй тул УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ханджээ.
Боловсролын тухай хуулийн 43.3-т зааснаар төрийн өмчийн сургуульд 25-аас дээш жил багшилсан бол улсын төсвөөр дамжуулаад ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгоно хэмээн заасан байдаг аж. Энэ заалтаар н.Эрдэнэцэцэг багшид нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгогдоно.
Гэвч Боловсролын тухай хуулийн 43.1-т төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажилласан багшийг тэтгэвэртээ гарахад нь 24 болон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгоно хэмээн заасан юм байна.
Мөн дээрх хууль 2012 оны тавдугаар сард батлагдсан байдаг. Хуулийн хэрэгжих хугацааг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр зааж өгсөн ч тухайн заасан оноос хэрэгжихэд асар их мөнгө шаардлагатай болсон тул Засгийн газраас УИХ-д хуулийн өөрчлөлт санал болгосноор төрийн болоод хувийн хэвшлийн их, дээд сургуульд багшилсан багш нар тэтгэвэртээ гарах тохиолдолд тэдэнд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэлгийг хойшлуулж, энэ мэтчлэн дунд нь асуудал үүссэн юм байна.
Гэхдээ байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн М.Батчимэг нар “Боловсролын тухай хуульд заасан 43.1, 43.3 дахь заалтууд нь хоорондоо зөрчилтэй боловч н.Эрдэнэцэцэг багшийн тухайд зөрчил байхгүй. Төрийн өмчит сургуульд 25 жил тасралтгүй ажиллаад хувийн сургуульд шилжиж ажилласан. Энэ утгаараа хуульд заасан нөхцөлүүдийг хангаж байна. Тиймээс тэтгэлгийг шийдвэрлэх шаардлагатай гэх үүргийг Засгийн газарт өгөхөөр болов.
Харин тус байнгын хорооны хуралдаанд оролцсон Боловсрол, шинжлэх ухааны Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын тайлбарласнаар бол Боловсролын тухай хуульд оруулсан дээрх өөрчлөлтийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд их, дээд сургуульд багшилсан багш нар тэтгэвэртээ гарахад нь зориулж олгох нэг удаагийн тэтгэлгийг зогсоосноор, 2015 оны төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахад 500 орчим тэрбум төгрөг шаардахаар болж буйг энэ үеэр онцолсон юм.
Эх сурвалж news.mn