УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгасан юм. Уг хуулийн төслийг боловсруулах шатанд ажлын хэсэг 550 тэрбум төгрөгийн бонд гаргах нь зүйтэй хэмээн үзжээ. Бондыг Хөгжлийн банкаар дамжуулан гаргана. Түүнийг "авлигажсан" хэмээн энэ өвлийн турш асуудал болгосон обьектуудыг санхүүжүүлэхэд, дээр нь замын ажлыг гүйцэтгэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нар "550 тэрбум төгрөгийн бонд гаргах саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороо дэмжих нь хууль зөрчсөн үйлдэл болно" хэмээн эсрэг байр суурь барьж буйгаа илэрхийлэв.
Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Царцаагдсан обьектын тал хувь нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр байгаа тул ажлыг нь хийлгэх ёстой" хэмээн үзсэн юм. Улмаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь 550 тэрбум төгрөгтэй дүйх бонд гаргах нь зөв хэмээн үзэж, дэмжив.
Энэ мэтчлэн ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.
Үүний дараа тус байнгын хороогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд маргаан дэгдээсэн асуудал нь ам.долларын төгрөгтэй харилцах ханшны тухай байлаа. 2014 оны төсвийн тодотголд ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 1384 төгрөгөөр тооцсон бол 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ам.долларын төгрөгтэй харилцах ханш эргэлзээтэй аж. Ханшийн төсөөллийг гаргасан Эдийн засгийн хөгжлийн яамныхны тайлбараар 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 1690 гэсэн тооцооллын ханш тавьсан гэсэн бол уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1384 төгрөгөөр туссан" гэсэн зөрүүтэй тайлбар хийсэн юм. Үүнээс улбаалж, ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг төсвийн хүрээний мэдэгдэлд хэдээр тусгасан нь эргэлзээтэй болж, төсөвт тусгасан 1384, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байж мэдэх 1690, бодит байдлын ханш 1820 гэсэн гурван тоон дунд УИХ-ын гишүүд өөрсдөө ч будилж, төсвийг батлахад хүндрэлтэй тулж байна гэж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдэгдэж байлаа.
Гэвч аажмаар дээрх маргаан намжиж, улмаар 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлд туссан Монгол Улсын өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэнэ гэх заалтыг өөрчилж, 40 хүртэл хувиар тогтоох саналыг ажлын хэсэг гаргасан нь гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ. Ийнхүү Төсвийн байнгын хороо нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэснээр хуралдаанаа түр завсарлуулаад байна.
Тус байнгын хороо 13.00 цагаас үргэлжлүүлэн хуралдах юм.