Ерөнхийлөгч өнөөдөр эх орондоо ирж, зөрөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Санкт Петербург хотыг зорилоо. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачлан, зохион байгуулж байгаа олон улсын эдийн засгийн форумд оролцох урилга хүлээн авсны дагуу өнөөдөр ниссэн. Ирэх хүнээс сонин сонсч, явах хүнд захиас хэлж ерөөл өргөдөг ард түмэн бид. Ерөнхийлөгчийн хувьд 4 жилд нэг болдог Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын дээд хэмжээний IV уулзалтад оролцсон. Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд тун чухал үүрэгтэй уулзалтаас гарсан тунхаглалд манай улсын 3 санал тусгагдсан байна. Товчхондоо энэ уулзалт амжилттай явагдаж өндөрлөсөн буюу “Шанхайд сайхан мэдээ их байлаа” гэж эх сурвалжууд мэдээлж байна.
5
Гэхдээ манай хэвлэлүүд, олон нийт ч энэ уулзалтаас ирэх мэдээг өөр өнцгөөс анхаарч ажигласан. Шанхай хотноо Ерөнхийлөгч мөнхийн хоёр хөршийнхөө тэргүүн нартай уулзаж санал солилцсон. Энд юу яригдсан бэ. Манай улсын эдийн засгийн судсыг тэлж болох Оросоос Хятадыг чиглэсэн хийн түлшний хоолой, төмөр замын транзит тээвэр зэрэг том төсөл яриа ямар шатанд тавигдсан бэ гэдэгт учир мэдэх хүмүүс нүд чих тавин харлаа. Манай улсын гадаад худалдааны хамгийн том түнш нь БНХАУ. 1990-2010 онд манай хоёр улсын хооронд хийгдсэн худалдааны хэмжээ 33.6 сая ам.доллароос 3.4 тэрбум ам.доллар болсон буюу 20 жилийн дотор 100 дахин өссөн гэсэн үзүүлэлт гарч байсан. Төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж байгаа нүүрсний зах зээл дэх гол худалдан авагч нь мөн БНХАУ. Энэ байдал цаашдаа ч удаан хугацаанд хадгалагдах байх. Ийм өргөн харилцаатай хоёр орны тэргүүн нарт ярих хөөрөх зүйл их байсан байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жинпинтэй 2 цаг гаран нэлээн өргөн хүрээнд ярилцжээ. Яг юуг хөндөн ярьсныг эх сурвалжууд дэлгэрэнгүй хэлээгүй ч хоёр тэргүүний уулзалт үргэлжилсэн энэ хугацаа өөрөө олон талыг хамарсан шууд яриа өрнөсөн болохыг харуулна. Ажиглагчдын хүлээлт бол тэргүүн нарын уулзалтаар төмөр замын царигийн асуудалд Хятадын тал ч, Оросын тал ч өөр өөрийн сонирхлоо илэрхийсэн байх гэсэн таамаг.
5
Чөдөртэй төсөл гэгдээд байгаа шинэ төмөр замын төсөл нь геополитик ач холбогдлоороо хоёр хөршийн анхаарлын гадна байхгүй. Төмөр замын цариг нарийн байх уу, өргөн байх уу гэсэн нь явцуу харвал Орос уу, Хятад уу гэх сонголтыг хийж байгаатай адил харагдана. Гэхдээ Монголын сонирхол бол нүүрсээ төмөр замаар тээвэрлэн гадаад далай дамнуулж Солонгос, Япон зэрэг гуравдагч зах зээлд гаргах. Энэ зоримог төлөвлөгөө одоо бүдгэрч эхний удаад Хятад руу төмөр зам тавьж нүүрсээ гаргаж тээврийн зардлаа хэмнэе гэсэн ойлголцол дээр эсрэг саналтай талууд гар бариад байгаа. Шанхайд болсон уулзалтаар энэ асуудал хэрхэн хөндөгдсөн бэ гэдэг нь дараа дараачдаа өрнөх үйл явдлаас харагдах байх.
6
ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй хийсэн уулзалтын хувьд төмөр замын транзит тээврийн асуудлыг илүү хөндсөн гэсэн таамаг байна. Энэ уулзалтын талаар Ерөнхийлөгч “Тулгарч байгаа асуудлаа хамтарч шийдье гэдэг дээр санал нэгдлээ” гэжээ. Хоёр талд тулгараад байгаа ярилцаж шийдвэрлэх асуудал байна гэдэг дээр хоёр тэргүүн эхлээд толгой дохин зөвшөөрсөн юм байна. Асуудал байна гэдгээ зөвшөөрсөн нь шийдэх арга замыг олох эрмэлзэл дээр ярилцах эхлэл тавигджээ гэж ойлгож болох юм. Гэхдээ асуудлыг зөвхөн Орос-Монголын талын хэрэг гэх ч юм уу нэг бол Хятад-Монголын ашиг сонирхол гэдгээр хараад хол явахгүйг Ерөнхийлөгч онцгой анхаарч байгаа юм байна гэж харж болохоор байна.
6
“Асуудлаа шийднэ гэдэг бол гэрээ хэлэлцээр хийнэ гэсэн үг. Бидэнд шийдэх асуудал олон бий. Энэ олон асуудлын нэлээд нь зөвхөн хоёр талын биш, гурван талын, өөрөөр хэлбэл, хоёр хөрш болоод монголчууд бидний идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй гэдгийг ярилаа. Тиймээс зарим асуудал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо” гэж Ерөнхийлөгч мөнхийн хоёр хөршийн тэргүүн нартай хийсэн уулзалтын үр дүнгээ товч дүгнэн хэлжээ.
6
Тохироо гэх үү, завшаан гэх үү хөрш орны тэргүүнүүдийн энэхүү уулзалтын дараа ОХУ-д Олон улсын эдийн засгийн форум болох гэж байна. Энэ форумыг санаачлагч нь ОХУ-ын ерөнхийлөгч Путин. Тэрбээр Шанхайд эхлүүлсэн Ази номхон далайн бүс нутгийг чиглэсэн “гүүр”-ээ Санкт Петербург хотноо өшөө олон салаа болгохоор төлөвлөө биз. Энэхүү форумд оросын тал манай Ерөнхий сайдыг “нэр цохон” урьжээ. Урьсан нь учиртай юм байна. Шанхайд манай Ерөнхийлөгчид Путин нэг зүйлийг амалсан гэнэ. Энэ нь хоёр орны хооронд шийдэх шаардлагатай байгаа асуудлуудаар холбогдох хүмүүсийг Санкт Петербург хотноо манай Ерөнхий сайдтай уулзуулна гэжээ. Манай орны хувьд энэ уулзалт чухал ач холбогдолтой болох нь харагдана.
6
Ирж байгаа Ерөнхийлөгч, урилгаар явж байгаа Ерөнхий сайд хоёрын ганзага эдийн засаг болоод геополитикийн том зангилаа асуудлын шийдэл тээж ирэх магад гэсэн хүлээлттэй хэвээр байна. Европ Азийг холбосон төмөр замын транзитын гол зангилаа болох завшаанаа ашиглан Монгол яаж хөдлөхийг бид ч олон улсын ажиглагчид ч анхааралтай харж эхэлсэн байх. ОХУ-ын Алс дорнодын Амур мөрний дээгүүр Оросоос Хятад руу шууд чиглэсэн төмөр замын гүүрийг барьж, 2016 оны эхээр ашиглалтад оруулахаар болсон тухай олон улсын агентлагууд мэдээлж байна. XXI зууны хамгийн том бүтээн байгуулалт болох тус гүүр баригдсанаар Хятад руу гаргах Оросын ачааны замыг 700 км-аар товчлох гэнэ. Хоёр хөрш их тээвэрлэлт, их мөнгөний урсгалаа манайхаар тойруулан товчлоод явуулчихаж байгааг бид эндээс харлаа.
6
Украины асуудлаас болж олон улсын эдийн засгийн хоригт орж барууныхантай “байлдаад" байгаа Путин Ази номхон далайн бүс нутагт тавих өргөө томсгож байна гэж ажиглагчид хэлж байгаа. Энэ өрөгт Монгол яаж нүүх вэ. Эдийн засагчид геополитик гадарладаг хүмүүс өөр өөрийн санаа бодлоо уралдуулах биз.
6
Мэдэж байгаа зүйлээ хэлэхэд, бидний хувьд “мөнхийн хөрш” гэдэг өөрөө “Мөнхөд эвтэй, бас болгоомжтой бай” гэсэн геополитик өгөгдөл. Монгочууд бидэнд заяасан оноолт юм