Олон улсын эрх бүхий карт эзэмшигч АНУ, Канадын иргэдийг банкны карт уншигч машин ашиглан луйвардаж байсан БНХАУ-ын иргэдийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ-ын гурван иргэн, манай улсад амьдардаг ӨМӨЗО-ы иргэн болон Дорноговь аймгийн харьяат нэг эмэгтэйг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориод буй гэнэ. Хятад иргэд АНУ болон Канадын иргэдийн олон улсын эрхтэй дансны мэдээллийг хакеруудаас худалдан авч, түүнийгээ ашиглан хуурамч карт хийлгээд, энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсад ирсэн байна.
Улмаар зочид буудал, рестораны карт уншигч машин (постерминал)-ыг нь ашиглаж, картыг нь уншуулан бэлэн мөнгө авч байжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Дорноговь аймагт нэгэн зочид буудлын карт уншигчийг ашиглан 10 гаруй мянга, Улаанбаатарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн рестораны карт уншигчаар 100-гаад мянган ам.долларын гүйлгээ хийсэн байжээ. Тэд уг рестораны эзэнд “Таван мянган доллар чамд өгье. Чиний дансыг ашиглаад 100-гаад мянган ам.доллар гадаадаас хүлээн авах гэсэн юм.
Уг мөнгөөр ноолуур авах гэж байгаа” хэмээн нутгийн иргэнийхээ ажиллуулдаг рестораны карт уншигч машиныг авсан нь тогтоогдсон гэнэ. Мөн сэжигтэн хятадуудын хүсэл тээр манай улсын иргэд аж ахуйн нэгж байгуулан, улмаар арилжааны банкуудтай постерминал ашиглах гэрээ хийж, машиныг нь худалдан авсан тохиолдол ч бий аж. Одоогоор хохирлын хэмжээг хараахан гаргаагүй байгаа ч удаа дараагийн гүйлгээгээр гадаадын иргэдийн дансыг хоосолж байсан нь тогтоогдоод буй гэнэ. Тиймээс банкны карт уншигч, постерминал машин ашигладаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд бусдын гуйлтаар их хэмжээний мөнгө гаргаж өгөхгүй байхыг хууль хяналтын байгууллагаас санууллаа. Хэрэв сэжигтэй гүйлгээгээр их хэмжээний мөнгө гаргуулж авсан тохиолдолд эрүүгийн хариуцлагад татагдахыг анхааруулав.