Төсвийн тодотголыг баталлаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг уншиж танилцуулан санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр болов. Хуулийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь дэмжлээ. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн заалтуудаар санал хураалт явуулж, хуулийг бүхэлд нь баталлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг В.И.Якунинтай уулзлаа
ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр өглөө “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтай уулзлаа.
Өмнө нь Монгол Улсад ирэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж байсан тэрээр энэ удаа төрөлх хотдоо дахин уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд Санкт-Петербургт тавтай зочлохыг хүслээ.Ерөнхий сайд Н.Алтанхуяг УБТЗ-ын ашиг орлогыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцож байгаадаа баяртай буйгаа онцлоод цаашдын хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг хүслээ.Харин “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин “Дэлхийн хоёрдугаар дайнд Монголын ард түмэн чин сэтгэлээсээ тусалсан. Бид эртний найрсаг харилцаатай ард түмэн. Өдгөө дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндхэн нөхцөлд байна. Энэ байдлаас гарахад манай улсад зохион байгуулагдаж байгаа форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна”гэлээ.Засгийн газрын тэргүүний дараагийн хийх уулзалт нь “Ростех” корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов юм.
Н.Золжаргал ерөнхийлөгч өөрөө огцрох нь зүйтэй болов уу
Ам.долларын ханш өнгөрөгч өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж 1830 төгрөгтэй тэнцэж ирлээ. Өнгөрсөн зунаас эхэлсэн ам.долларын ханшийн өсөлт сүүлийн хэдэн сарын турш аажим аажмаар өсөж буурсаар нэг л мэдэхэд түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрчихлээ. Ам.долларын ханшийн өсөлтөд хамгийн их дарлуулж буй нь мэдээж энгийн ард иргэд. Сардаа 400000-600000 төгрөгийн дундаж цалинтай иргэдийн хувьд хамгийн хүнд тусах нь хэнд ч ойлгомжтой. Нэг л өглөө сэрэхэд талх, гурилынх үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байх нь энүүхэнд болжээ. Тиймээс өдөр бүр валютын ханшийн мэдээ харж санаа зовнин амьдарч байна.Гэтэл валютын ханшийн өсөлтийг харж ажиглаж, барьж тогтворжуулах ёстой Төвбанкныхан болоод ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдрийг хүртэл үнэндээ ямар ч арга хэмжээ авсангүй. Дуугүй л харж суусаар өнөөдөртэй золголоо. Долоон хоног бүр зохион байгуулдаг гадаад валютын дуудлага худалдаанаас өөр зүйл хийгээгүй юм. Гэвч валютынхаа ханшийг барьж чадалгүй иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлэх болсон Н.Золжаргал ерөнхийлөгчид шаардлага тавьж арга хэмжээ авах талаар эрх баригчдын зүгээс ганц ч үг унагасангүй. Харин ч бүр магтан сайшаах янзтай байна.Харин энэ долоо хоногийн эхээр УИХ-дахь бие даагчдын бүлгийхэн Монголбанкны ерөнхийлөгчийг муу ажилласан хэмээн үзэж огцруулах хуулийн төсөл өргөн бариад байгаа билээ. Энэ асуудал байнгын хороогоор хэлэлцэгдээд дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар орж байж эцсийн шийдвэр гарна. Эрх баригчид хамгаалах байр суурьтай байх нь ойлгомжтой. Тэгэхээр өөрийн хийх ёстой үндсэн чиг үүргийнхээ ажлыг хангалтгүй гүйцэтгэж, Монгол улсын эдийн засгийн байдлыг туйлын хүнд нөхцөл байдалд оруулсанаа хүлээн зөвшөөрч Н.Золжаргал ерөнхийлөгч өөрөө огцрох нь зүйтэй болов уу.Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг байнгын өсөлттэй гарч байна хэмээн мэдээлдэг байсан ч өдгөө эдийн засгийн хямралын хар сүүдэр албан байгууллага, айл өрх бүрт тусаад эхэлжээ. Эхнээсээ жижиг дунд гэхгүй томоохон компаниуд санхүүгийн хямралаас үүдсэн дампуурлаа зарлаж байна. Энэ нөгөө таны яриад байсан эдийн засгийн өсөлт үү хэмээн төвбанкны ерөнхийлөгч ноён Н.Золжаргал танаас асуумаар байна.
"Гэгээн муза 11"
“Гэгээн муза” наадам 2006 оноос эхлэн улаан хивсний ёслолыг зохион байгуулж, 2010 оноос “Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл”-ийг шалгаруулан 2013 оноос “Нэг хүний жүжгийн төрөл”-ийг нэмж оруулснаас гадна олон улсын шинж чанартай болон өргөжсөн. Өнгөрсөн жилийн наадамд Монгол, Орос, Канад, Серби, Македон, Косово улсаас уран бүтээлчид оролцсон. Харин энэ жилийн наадамд Монгол, Египет, Серби, Оросын холбооны Тува улс, ӨМӨЗО-ны уран бүтээлчид өрсөлдөн, наадмын шүүгчээр АНУ-ын төрийн департментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, “Драмын жүжгийн төрөл”-д ОХУ-сын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нар ажилласан юм.Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-д 20 гаруй уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлч шилдгийн шилдгийн төлөө өрсөлдлөө.
Тайландын төрийн эргэлт
Тайландын армийн ерөнхий командлагч, генерал Прают Чан-Оча төрийн эрхийг армид шилжүүлэн Үндсэн хуулийн хэрэгжилт зогссоныг зарласан юм.Генерал Прают Чан-Оча Тайландын ард түмэнд хандан телевизээр үг хэлэхдээ улс оронд дэг журмыг сэргээн, улс төрийн шинэчлэл хийхээ амласан байна.Улс орон даяар 22.00 цагаас 05.00 хүртэл хөл хорих цаг тогтоож, улс төрийн цуглааныг хоригложээ.Үүнээс гадна тус улсын арми телевизийн нэвтрүүлгийн цацалтыг зогсоохыг тушаажээ."Бүх радио, телевиз, кабелийн болон хиймэл дагуулын станциуд хэвийн нэвтрүүлгүүдээ цаашид зогсоож, харин цэрэг, армийн шинж чанартай нэвтрүүлэг цацах ёстой" хэмээн мэдэгдэлд дурджээ.Улс оронд таваас илүү хүний улс төрийн уулзалт, цуглаан зохион байгуулахыг хориглосон. Тус хоригийг зөрчсөн хүнд нэг жилийн хорих ял оноох эсвэл ойролцоогоор 300 ам.доллараар торгох юм байна. Мягмар гарагт Тайландын арми тус улсад хэдэн сарын турш үргэлжилж буй улс төрийн хямралыг зогсоох, хууль дэг журмыг сахиулахын тулд дайны онц байдал зарласан. Гэхдээ тухайн үед дайны онц байдал зарласан нь төрийн эргэлт биш гэдгийг Тайландын арми мэдэгдэж байсан юм.Тайландын арми хамгийн сүүлд 2006 онд Таксин Чинаватын Засгийн газрыг төрийн эргэлтээр огцоруулж байв.Тайландад эсэргүүцлийн жагсаал 2013 оны сүүлээр эхэлсэн. Жагсагчид одоогийн Засгийн газрыг бүрэн огцрохыг шаардаж байгаа. Эсэргүүцлийн жагсаалын улмаас 28 хүн амиа алдаж, 800 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Эх сурвалж olloo.mn