НҮБ-ын зэвсгийн шинжээч, доктор, Д.Эрдэнэцогт Нобелийн Энхтайваны төлөөх шагнал хүртжээ. Тэрээр НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр ажилладаг бөгөөд даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү шагнасан байна.
Д.Эрдэнэцогт нь 1962 онд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. ОХУ-д цэргийн дээд, академи, АНУ-д аюулгүй байдлын коллеж, хуулийн сургууль, Европын Холбоонд НАТО-н цэргийн сургууль төгссөн. Тамбовын цэргийн сургуулийг 1986 онд химийн инженер мэргэжлээр төгссөн. 1986-2005 онд Зэвсэгт хүчинд салаа, ротын захирагч, албаны дарга, штабын дарга, БХИС-д ЭША, БХЯ-нд ахлах мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, газрын даргаар ажилласан. 2006 оноос НҮБ-д зэвсгийн шинжээчээр ажиллаж байна. ЦШУ-ы доктор. Орос, англи, франц, араб хэлтэй.
Доктор, хурандаа Д.Эрдэнэцогт хэлэхдээ “Бүс нутаг болон дэлхий дахинд химийн зэвсэгтэй улс орнууд аюул занал учруулж болзошгүй. Тэдгээр улсын эргэн тойронд байгаа орнууд манай байгууллагын гишүүн. Тус улсуудын эсрэг ямар нэгэн химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд бид очиж тусгай үүрэг гүйцэтгэдэг” гэжээ. Түүний өгүүлснээр, үй олноор нь хөнөөх цөмийн, химийн, бактерлогийн гэсэн гурван төрлийн зэвсэг байдаг. Суралцсан сургууль нь бактерлогийн зэвсгийн төрлөөр бэлтгэжээ. Монгол улсад энэ чиглэлээр 1980-аад онд суралцаж төгссөн цөөхөн хүн байдаг юм байна. НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад ажиллагсдын 70-80 хувь нь цэргийн хүмүүс байдаг бөгөөд тэдний талаарх мэдээлэл нууц, ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлэхийг хориглодог аж.
Доктор, хурандаа Д.Эрдэнэбат ажлын онцлогоос шалтгаалан жилийн тэн хагасад нь гадны орнуудад томилолтоор ажиллаж, үлдсэн хугацаанд үндсэн байгууллагадаа ажилладаг байна. Түүний хувьд зэвсгийн шинжээч учир ихэвчлэн химийн зэвсэгтэй орнуудад томилолтоор ажилладаг ажээ. Тэрээр эдүгээ Гааг хотод амьдардаг. Д.Эрдэнэбатын өгүүлснээр Гааг нь дэлхийн хууль ёс, шударга ёсны нийслэл гэж явдаг. Тиймээс тэнд олон улсын хуулийн болон энх тайвны байгууллагууд байдаг. Дэлхийн номер нэг тайван хот гэж явдаг байна. Хүн ам цөөтэй, амьдрахад маш таатай хот аж. Тэнд замын бөглөрөл, агаарын бохирдол гэх зүйл огт байхгүй. Битүү ойгоор хүрээлэгдсэн, ердөө гурван давхар бүхий улаан байшингуудтай гэж тэрээр хэлжээ.
НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад ажиллахын тулд өөртөө маш өндөр шаардлага тавьдаг байна. Шөнө дөрвөн цаг унтдаг. Өдөр бүр 10 км гүйж, 60 км дугуйгаар явдаг ажээ. Өглөө зургаан цагт ажилдаа явж, томилолтоор явсан тохиолдолд өдөрт 13 цаг ажилладаг байна. Хагас, бүтэн сайны амралт гэж байхгүй. Тэрээр сүүлийн 10-аад жил амарч үзээгүй аж. Сонирхуулахад түүний ажиллаж, амьдарч буй Голланд улс 16 сая хүн амтай, 16 сая дугуйтай гэсэн статистик байдаг юм байна. Учир нь голландууд дугуйг 3 наснаасаа унаж эхэлдэг ажээ. Тус улс бүхнийг хүний төлөө хийдэг байна.
Эх сурвалж medee.mn