Өчигдөр /2014.06.10/ Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Батчимэг, А.Бакей, Г.Батхүү, Л.Гантөмөр, Н.Батцэрэг, Н.Энхболд нар 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
УИХ-аас 2003 онд баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албан ёсны хэлний тухай хуульд хэлийг нийгмийн харилцааны хэрэглүүр талаас нь төдийлөн зохицуулаагүй, зөвхөн төрийн албан хэрэг хөтлөлтийн хэмжээнд авч үзэж хязгаарласан, Төрийн хэлний зөвлөлийн чиг үүрэгт зөвхөн нэр томьёотой холбоотой асуудлыг эрхлэхээр заасан, монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хэм хэмжээ тогтоох, түүнийг батламжилж мөрдүүлэх зэрэг төрийн чиг үүргийг тусгаагүй гэхчлэн олон дутагдал байгаа бөгөөд эдгээр харилцааг зохицуулах нь хуулийн төслийг санаачлах үндсэн шаардлага болсон гэдгийг хууль санаачлагч танилцуулгадаа онцоллоо.
Хамтарсан хуралдаанд оролцсон гишүүд монгол хэлний хэрэглээтэй холбоотой ямар шийдвэр байдаг, үндэстний цөөнхийн хэл соёлын асуудал төсөлд хэрхэн тусгагдсан, хэлний дүрмээ яаж зохицуулах, хуулийг хэрэгжүүлэх үе шат, гарах зардлыг тооцсон эсэх, хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих, хууль батлагдсанаар түүний үр дүн хэдийнээс гарах, Хэлний бодлогын Зөвлөлийн эрхлэх асуудал, түүний харьяалал ямар байх, монгол хүүхдэд хэдэн наснаас нь гадаад хэл заавал тохиромжтой вэ, энэ талын судалгаа байгаа, эсэх зэрэг асуудалд голчлон анхаарал хандуулж, асуулт тавьж байв.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хүүхдэд бага наснаас нь, тухайлбал цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдэд гадаад хэл заах явдал нэлээд түгээмэл болсон. Миний бодлоор хүүхэд 8-10 нас хүртлээ бүх мэдлэг, мэдээллийг эх хэл дээрээ авах ёстой. Эх хэл дээрээ авсан анхдагч мэдээлэл хүүхдийн ой ухаанд илүү бат бөх үлдэж, суурь мэдлэг сайтай хүн болоход нөлөөлнө. Зарим улс төдөөс доош насны хүүхдэд гадаад хэл зааж болохгүй гэдгийг хуулиндаа тусгаад өгчихсөн байдаг юм билээ. Монгол хэлний тухай хуулийн төсөлд энэ талаар ямар нэгэн зохицуулалт байгаа юу, ер нь хүүхэд, ялангуяа монгол хүүхэд хэдэн наснаасаа гадаад хэл судалж эхлэх нь зохистой вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан зүйл байна уу хэмээн асуусан юм.
Эл асуултад ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан МУБИС-ийн Монгол хэл судлалын хүрээлэнгийн захирал Ц.Өнөрбуян “Хүүхэд 11 нас хүртэл эх хэл дээрээ мэдээлэл авах нь зүйтэй гэдгийг гадны олон эрдэмтэд судалж, нотолсон байдаг. Хуулиндаа ч тусгасан улс бий. Тухайлбал, Унгар улсад хүүхдэд 5-р анги буюу 11 нас хүртэл нь гадаад хэл заахыг хуулиараа хориглосон байдаг. Харин Монгол хэлний тухай хуулийн төслийн 6.3-т Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ЕБС-д гадаад хэлийг 5-р ангиас эхлэн заана гэсэн зөөлөн заалт оруулж өгсөн. Гэхдээ монгол шиг цөөхөн хүн амтай үндэстэнд бүх шатны сургуульд 5-р ангиас өмнө монгол хэлнээс өөр гадаад хэл заахыг хориглоно гэсэн хатуу заалт оруулчихмаар байгаа юм” хэмээн хариулав. Харин БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Хэлэлцүүлгийн явцад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, чангаруулсан заалтыг гишүүд бага оруулж ирээсэй. Хууль гаргах нэрийдлээр гадаад хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагыг зогсонги байдалд оруулах нь буруу. Төрийн бодлого төрийнхөө хүрээнд л хийгдэх ёстой. Жишээлбэл, ЕБС-д 5-р анги хүртэл гадаад хэл заадаггүй.” хэмээн байр сууриа илэрхийллээ.
С.Одонтуяа гишүүн цааш нь хэлэхдээ “Гадаад улс орнуудад олон мянган монгол хүүхэд амьдарч байгаа. Тэдний монгол хэлний мэдлэг үнэхээр тулгамдсан асуудал болоод байна. Тусгайлан сургууль байгуулъя гэхээр хөрөнгө мөнгөний асуудал үүснэ. Тиймээс Боловсролын яамнаас тэр хүүхдүүдэд зориулж тусгайлан аппликэшн бэлтгэх эсвэл гарын авлага, ном товхимол бэлтгэж өгөөч гэсэн саналууд их ирдэг. Гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монголчууд бол маш том оюуны капитал. Гэвч тэд эх орондоо эргэн ирээд ажиллахад хэлний брэхшээл үүснэ. Иймд энэ асуудлыг хуульдаа тусгаж өгөх хэрэгтэй” гэсэн санал тавив.
Хэлэлцүүлгийн үеэр С.Дэмбэрэл гишүүн Эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд өчнөөн байхад Монгол хэлний тухай хуулийг ингэж яарч хэлэлцэх шаардлага байгаа юм уу хэмээн асуухад М.Батчимэг гишүүн “Энэ хууль батлагдсанаар улсын төсөвт томоохон дарамт үзүүлэхгүй. Гэхдээ цөөн тооны орон тооны асуудалтай холбогдож бага ч гэсэн мөнгө яригдах болохоор Төсвийн тодотголыг хэлэлцэхээс өмнө хэлэлцэх нь хуулийг аль болох хугацаа алдахгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хэдийгээр өнөөдөр тулгамдсан асуудал биш юм шиг боловч улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой, өдрөөс өдөрт гээгдэж байгаа амин чухал асуудал тул хойшлуулах боломжгүй” хэмээн хариулсан юм.
Тэрээр цааш нь хэлэхдээ “Бид хилээ манадаг хэрнээ хэлээ маналгүй иржээ. Гэтэл улс үндэстнүүд хэлээ хил шигээ хамгаалдаг юм байна. Ялангуяа даяаршил эрчимтэй явагдаж буй энэ цаг үед улс үндэстэн үргэлжилж үлдэх баталгаа нь хэл гэж үздэг. Иймд салбар, салбарын зохицуулалт шаардаж байгаа энэ том бодлогыг авч явах Төрийн хэлний үндэсний зөвлөлийг ҮАБЗ-ийн тэргүүн гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийн дэргэж байлгавал хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадна гэж үзсэн.” гэлээ.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Өнөөгийн залуучууд монгол хэлээ мэдэхгүй болж байна гэж хүмүүс шүүмжлэх болсон. Би хувьдаа монгол хэлний сэргэн мандалтын үе ирж байна гэж үздэг. Хэлний асуудал нь даяаршилтай холбоогүй. Технологийн хувьсгалтай холбогдон бичгийн хэлний хэрэглээ дэлхий нийтээр унаад байгаа юм. Тухайлбал, англи хэл, япон хэл, хятад хэлээр бичихэд ихэвчлэн бэлэн программ ашиглаж байна. Бид ч бас тийм программ ашиглах талаар бодолцох ёстой.” гэсэн санал хэлэв.
Уг хуулийн хэлэлцүүлэгт Төрийн хэлний Ажлын албаны дарга Ж.Нэргүй, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийг эрдэмтэн, доктор Б.Түвшинтөгс, МУИС-ийн Монгол хэл судлалын тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан, МУБИС-ийн Монгол хэл судлалын хүрээлэнгийн захирал Ц.Өнөрбуян, Төрийн хэлний зөвлөлийн албаны зөвлөх Т.Галсан нарын хэл бичгийн ухааны эрдэмтэд уригдан ирсэн байлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд Ардын уран зохиолч Т.Галсан гуай “Гадаа гудамжинд гараад монгол хүн төөрдөг болчихлоо. Өвөө, ач хоёр хоорондоо ойлголцохгүй, дунд нь аав, ээж хоёр нь орчуулга хийдэг болжээ. Гадаадад амь зуулгын эрхээр амьдарч байгаа хүмүүс монгол цустай болохоос харь хэлтэй болж, монгол нэртэй хүний тоо цөөрч байна. Бид үгийн үнэ цэнийг мэдэхгүйн гайгаар дэлхийн дээрэмчидтэй харилцах түвшинд хүрээгүй. Оюутолгойн алдагдал бол хэлний алдаа байсан юм шүү. Энэ бүгдийг залруулах, алдаанаасаа суралцах, аврах ухаан УИХ-ын гишүүдэд маань байгаад баярлаж байна. Монгол Улс эх хэлний тухай хуультай болох нь, бид зүтгэнэ шүү” хэмээн талархал, амлалтыг хослуулан хэллээ.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүд ийнхүү санал солилцсоны эцэст олонхийн саналаар Монгол хэлний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шилжүүлэв.