Эдийн засгийн элдэв үзүүлэлт

Эдийн засгийн элдэв үзүүлэлт

Өнгөрсөн жилээс эхэлсэн эдийн засгийн хямралд энэ жилийн дунд хэсгээс гэгээ татуулна гэж эдийн засагчид, бодлого тодорхойлогчид хэлсээр байсан ч үнийн хөөсийг хамж чадахгүй, иргэдийн худалдан авах чадвар сайжрахгүй байна. Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг сар бүр судалж, тоон мэдээллийг нэгтгэн гаргадаг. Тэгвэл өнгөрөгч тавдугаар сарын эдийн засгийн үзүүлэлт цөөн хэдэн үзүүлэлтийг эс тооцвол тун бүрхэг мэдээтэй гарлаа. Үүнд эдийн засгийн хэд хэдэн чухал үзүүлэлтийг онцлохоор байна.

Инфляци 15 хувь руу дөхөж байна

Нэг оронтой тоонд барихыг амласан инфляци өнгөрсөн тавдугаар сарын байдлаар  улсын хэмжээнд 13.7 хувд хүрлээ. Инфляцийг статистикчид 329 өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт, бууралтаас тооцдог бөгөөд өнгөрсөн сарын байдлаар өмнөх дөрөвдүгээр сарынхаас 1.5 хувь, оны эхнээс 6.2 хувиар өссөн байна. Ерөнхий индекс ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, ус, нийтийн хоолны үнэ, хувцас, бөс барааны үнэ өсөхөд голлон нөлөөлжээ.

Улаанбаатар хотод гэхэд тавдугаар сард өмнөх сарынхаас хэрэглээний сагсны 329 нэрийн бараа, үйлчилгээний 41.3 хувийнх нь үнэ өсч, 28.0 хувийнх нь буурч, 30.7 хувийнх нь үнэ тогтвортой байжээ. Судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн барааны 59.1 хувь буюу 55 нэрийн барааны үнэ нэмэгдсэн байна. Ийнхүү өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнээр тодорхойлогдох инфляцийн зорилтот төвшин найман хувьд бол одоо 15 хувь руу дөхөж байгаа нь эдийн засагт үнийн хөөсрөл их байгааг илтгэх бөгөөд энэ хэрээр төгрөгийн худалдан авах чадвар муудаж байна. Инфляци 10 хувь дээр очиход сандралддаг байсан үе ард үлдэж, одоо 15 хувь руу дөхөж байгаа нь эдийн засгийн аюулын харанга гэдгийг эдийн засагчид үзэж байна. Үнийн хөөсрөл, төгрөгийн үнэгүйдэл зөвхөн хотод ийм өндөр хувьтай байгаа юм биш. Орон нутгуудыг хамарч байна. Үүнээс аймгуудын хэмжээнд авч үзвэл, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ бүх аймагт дунджаар 0.2-5.5 хувиар өсчээ. Үүнээс Сэлэнгэ аймагт хамгийн ихээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 5.5 хувиар өссөн байна.

Дундаж цалин 760  мянган төгрөг байна гэв

Үндэсний статистикийн хорооноос сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг судалдаг бөгөөд үүнд ажиллагсадын цалингийн дунджийг тодорхойлох судалгааг оруулдаг болсон юм.  Ингэхдээ 2014 оноос өмнө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас 1308 байгууллагыг түүврээр хамруулан тооцдог байсныг өөрчилж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд үндэслэдэг болжээ. Тодруулбал, ажиллагсадын сарын дундаж цалинг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсадын тооны хоёр бүлгээр тооцдог байсныг таван бүлгээр илүү дэлгэрэнгүй гаргадаг болсныг албаныхан онцоллоо.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны эхний улиралд нийт 33.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. Эдгээр байгууллагын ажиллагсадын сарын дундаж цалин 763 орчим мянган төгрөг байсан бөгөөд үүнээс эмэгтэйчүүдийнх 700 орчим мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 830 орчим мянган төгрөг байжээ.

Ажиллагсадын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбараар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсадын цалин хамгийн өндөр буюу 1.7 сая орчим төгрөг,  харин бичил бизнест ажилладаг  хүмүүсийн цалин хамгийн бага буюу 340 орчим мянган төгрөг байна.

Аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/-ын ажиллагсадын тооны бүлгээр үзэхэд, 1-9 ажилтантай ААНБ-ын сарын цалин дунджаар 450 мянган төгрөг, 10-49  ажилтантайнх бол 600 мянган төгрөг, 50-99 ажилтантайнх 720 мянган төгрөг, 100-199 ажилтантай ААНБ-ын цалин 740 орчим мянган төгрөг бол 200-аас дээш ажилтантайнх 900 мянган төгрөгийн цалинтай ажээ. Ийнхүү ажилтны тоогоор их, үйл ажиллагаа өргөн ААНБ-ын цалин өндөр байгаа бөгөөд салбар хамаарахгүйгээр дундаж цалин 763 орчим мянган төгрөг байгааг статистикчид дуулгалаа.

Зээлийн өрийн үлдэгдэл 46.5 хувиар өсчээ

Монголд анх удаа орон сууцны ипотекийн зээлийг олгож эхлээд нэг  жил болж буй бөгөөд энэ хугацаанд арилжааны банкуудын зээлийн хэмжээ нэмэгдсэн. Үүнийг дагаад чанаргүй зээл ч нэмэгдсэн гэдэг. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд  олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12 их наяд, 53.4 тэрбум төгрөг болсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өмнөх дөрөвдүгээр сарынхаас 315.6 тэрбум төгрөг буюу 2.7 хувь, жилийн өмнөхөөс 3826.9 тэрбум төг буюу 46.5 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 380.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 81.6 тэрбум төг буюу 27.3 хувь, жилийн өмнөхөөс 234.2 тэрбум төг буюу 2.6 дахин өссөн байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.2 хувийг эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл тавдугаар сарын эцэст 619.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 3.5 тэрбум төг буюу 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 301.7 тэрбум төг буюу 94.9 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 пунктээр өсчээ.

Ийнхүү Монголын санхүүгийн салбарын активын 97 хувийг дангаараа бүрдүүлдэг арилжааны банкуудын зээлийн өрийн үлдэгдэл хуримтлагдсаар байна.

Хөрөнгө оруулалт 65 хувиар буурчээ

Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний улиралд 294.0 сая ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 551.8 сая ам.доллар буюу 65.2 хувиар  буурсан үзүүлэлт юм байна. Харин санхүүгийн хөрөнгө оруулалтын ашиг 330.8 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 333.1 сая ам доллараар өсөв. Бусад хөрөнгө оруулалт 597.9 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 387.9 сая ам.доллар буюу 2.8 дахин өссөн байна.

Гадаадын хөрөнгө оруулалт тасралтгүй буурсаар байгаа учраас хөрөнгө оруулалтын татахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах нь нэн тэргүүний асуудал гэгдсээр өнгөрсөн жил шинэчилсэн. Тэгвэл одоо хуулийг гадны хөрөнгө оруулагчдад зөв таниулах хэрэгтэй талаар эдийн засагчид хэлдэг юм.

Экспорт 17.3 хувиар нэмэгджээ

Эдийн засгийн эдгээр муу үзүүлэлтийн дунд гадаад худалдаа, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдсэн сайн мэдээ байна.

Монгол Улс энэ эхний таван сард дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4059.8 сая ам.доллар, үүнээс экспорт 1927.9 сая ам.доллар, импорт 2131.9 сая ам.доллар байсан ажээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 51.4 сая ам.доллар буюу 1.3 хувь, импортын хэмжээ 336.1 сая ам.доллар буюу 13.6 хувиар буурч, харин экспортын хэмжээ 284.7 сая ам.доллар буюу 17.3 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс эдийн засгийн хямралын үед “бүсээ чангалан” гаднаас авахыгаа багасган, үйлдвэрлэн гадагш борлуулах тал руугаа хандсан байна. Энэ байдал оны эхнээс ажиглагдсан бөгөөд гадны улсаас худалдан авалт хийе гэвч эдийн засгийн чадавхи хүчрэхгүй байгаа гэгдэж буй. Энэ дагуу гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний тавдугаар сард 824.7 сая ам.долларын алдагдалтай гарсан бол энэ оны эхний таван сард 204.0 сая ам.долларын алдагдалтай гарсан нь жилийн өмнөхөөс 620.8 сая ам.доллар буюу 75 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 284.7 сая ам.доллар буюу 17.3 хувиар нэмэгдсэн бөгөөд үүнд эрдэс бүтээгдэхүүний экспорт 239.5 сая ам.долл, нэхмэл бүтээгдэхүүнийх 45.2 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 336.1 сая ам.доллар буюу 13.6 хувиар буурахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 232.6 сая ам доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 145.6 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөнийг статистикчид мэдээллээ.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл 44.3 хувиар хувиар өсчээ

Дээр хэлсэнчлэн гаднаас угаас худалдаж авч чадахгүйгээс хойш дотооддоо үйлдвэрлэж, импортыг орлох тийшээ явж байгааг эдийн засагчид үзэж байгаа. Тодруулбал, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны үнээр, 2014 оны эхний тавдугаар сард гурван их наяд, 196.0  тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 981.6 тэрбум төгрөг буюу 44.3 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Үүн дотор ул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 762.7 тэрбум төгрөг буюу 56.6 хувь, боловсруулах аж үйлдвэрийнх 174.8 тэрбум төгрөг буюу 27.5 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 44.1 тэрбум төгрөг буюу 19.0 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, газрын тос, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт 1.6 хувиас 88.5 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт нарийн боов, шингэн сүү, бууз банш, цэвэр ус, барилгын модон хаалга, цонх, гурил, гоймон, вакуум цонх хаалга, зүсмэл материал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.0 хувиас 2.5 дахин өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2014 оны эхний тавдугаар сард 3777.8 тэрбум төг болж, 2669.4 тэрбум төгрөг буюу 70.7 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

Дотоодод өргөн хэрэглээний барааны үнэ өсч, инфляци 14 хувьтай, гадаад валюттай харьцах төгрөгийн ханш сул байгаа энэ үед дээр хэлсэнчлэн гадаад худалдаанд нааштай дүр зураг харагдахаас гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдсэн сайн мэдээ байна. Гэвч үйлдвэрлэл, гадаад худалдааны салбарын үр нөлөө жирийн иргэдийн амьдралд шууд нөлөөлөхгүй байгаа энэ үед эдийн засагт үүссэн “хөөсийг” арилгах буюу инфляцийг нам төвшинд барьж, төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах нэн тэргүүний шаардлагатай байна.

У.БОЛОР

Эх сурвалж news.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button