Б.Бат-Эрдэнэ: Иргэд лиценз олголтыг сэргээхийг дэмжихгүй байгаа

Б.Бат-Эрдэнэ: Иргэд лиценз олголтыг сэргээхийг дэмжихгүй байгаа

Ашигт малтмалын лиценз олгох эсэх асуудлыг ҮБАЗ-өөр, Ашигт малтмалын тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг “Иргэний танхим”-аар хэлэлцүүлье гэсэн ажил хэрэгч саналыг Ерөнхийлөгчид илгээсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ 1997 онд батлагдсан Ашигт малтмалын хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл олголт замбараагүй хийгдсэнээс Монгол Улсын газар нутгийн 49 хувь нь “лицензлэгдээд” байсан. Үүний хор уршгийг монголын ард иргэд хангалттай амссан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар лиценз олголтыг хориглосон дөрвөн жилийн хугацаанд лицензтэй талбайн хэмжээ 7.6 хувь болон буурч, тусгай зөвшөөрлийн тоо хоёр дахин багассан эерэг үр дүн гарсныг онцлон тэмдэглэв.

            Гэтэл Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь нэгдүгээрт, ашигт малтмалын лиценз олголтыг сэргээхийг гол зорилгоо болгосон.

Хоёрдугаарт, лиценз олголтод иргэд, олон нийт, орон нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын оролцоо хяналтыг бий болгоогүй. Гуравдугаарт, уг хуулийн төсөл АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, ард түмэнд өгсөн амлалтаас ихээхэн зөрсөн. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын ам ажил зөрж байгааг энэ хуулийн төсөл харуулж байна. Дөрөвдүгээрт, “урт нэр”-тэй хуулиар хязгаарлагдсан ордуудыг стратегийн ордод авч ашиглах, дархан цаазат газар нутаг, хилийн зурвас газарт ашигт малтмал олборлохыг зөвшөөрөх санаархал агуулсан гэж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэв. Монгол орны өнцөг булан бүрт амьдран суугаа иргэдтэй уулзахад хайгуулын лиценз олголтыг нээж өгөөч гэсэн саналыг хэн нь ч тавихгүй байгааг УИХ, Засгийн газарт анхааралдаа авна гэдэгт найдаж байна гэлээ. Мөн баяр наадмын цагаар, ард түмний анхаарал хяналт суларсан үед бодлогын томоохон асуудлыг хэлэлцэж байгааг ч тэрээр шүүмжилсэн юм.

 

Ард иргэдийн 40 хувийн төлөөлөл болсон сөрөг хүчнийхээ үг, сануулгыг үл ойшоосоор эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсан нь Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй. Гэтэл эдийн засгийн хямралын далбаан дор Засгийн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дахин олгож, эрх мэдэлтнүүд гадныхантай сүлбэлдэн авахаар санаархаж байгаатай хэрхэвч эвлэрч болохгүй. Энэ нь “Бид л өнөөдөртөө болж байвал хойч ирээдүй, байгаль орчин, эх орон, газар шороо маань яасан ч яахав. Дараа нь галав юүлсэн ч бидэнд падгүй” гэсэнтэй ялгаагүй сонсогдож байна. Улс орон, ард түмний нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн асуудалд хүнийрхүү сэтгэлээр хандаж, зөвхөн өнөөдрөөр аргацаан шийдэх нь туйлын буруу гэж тэрээр мэдэгдлээ.

 

Улс үндэстэн баялгаа хөрөнгө оруулалтад тооцдог. “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд сайн жишээ олон байхад хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж байгаль орчин руугаа халдах нь одоохондоо бидний гол зорилго биш. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаар ард олны дунд өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид лиценз олгох уу, үгүй юу гэдэг талаар ҮАБЗ-аас тодорхой зөвлөмж гаргах шаардлагатай. Үүнд улсын төрийн тэргүүний үүрэг оролцоо, дэмжлэг ихээхэн үгүйлэгдэж байгааг энэ дашрамд дуулгая гээд Ерөнхийлөгч түүний захидалд тодорхой хариу өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

 

Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж санал хураахад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан УИХ-ын гишүүд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу оролцохгүй байхыг Б.Бат-Эрдэнэ гишүүн уриалав.

Эх сурвалж:Undesten.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button