Газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын долоон гишүүн санаачлан боловсруулж УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Газар нь эдийн засгийн эргэлтэд ороогүй үедээ ямар нэг ашиг, орлого эзэндээ хүртээдэггүй үл хөдлөх эд хөрөнгө тул иргэн бүрийн газар өмчлөх эрхийг баталгаажуулах замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын эдийн засагт томоохон шинэчлэл болно гэж хууль санаачлагч гишүүд үзсэн байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь газар өмчлүүлэх харилцааг улам боловсронгуй болгож, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн зохицуулахад чиглэжээ. Хуулийн төсөл нь Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх сертификат олгохтой холбогдсон үндсэн харилцаа, газар өмчлүүлэх сертификатын арилжаа, газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг хамааран зохицуулна гэж гишүүд үзжээ.
Хууль батлагдвал иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулсан газар өмчлүүлэх сертификатыг иргэн бүрт олгох юм байна. Иргэд сертификатаараа газар өмчлөх эрхээ баталгаажуулж, газар өмчлөх эрхтэй болох ажээ. Иргэн өөрөө газар өмчлөх шаардлагагүй гэж үзвэл газар өмчлөх эрхийг нь баталгаажуулсан сертификатаа арилжих хэлбэрээр эрхээ эдлэхтэй холбогдсон харилцааг хуулийн төсөлд тусгажээ.
Тэгвэл иргэд ямар шугамаар газраа өмчилж авах вэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр иргэнд өмчлүүлэх газрын мэдээллийг үндэслэн тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга иргэдээс газар өмчилж авах өргөдөл хүлээн авах юм байна. Ингээд газар өмчлүүлэх сертификатаар нь газрыг солих замаар газар өмчлүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Газар өмчлүүлэхдээ иргэний гаргасан хүсэлтийн дарааллыг баримтлах аж. Хэрэв өмчлөх газрын тооноос хүсэлт гаргасан иргэдийн тоо илүү гарвал хүсэлт гаргасан иргэдээс сугалах аргаар газар өмчлүүлэх ажиллагааг үе шаттай дарааллуулан хэрэгжүүлнэ гэжээ. Өмчлөх газрын тооноос хүсэлт гаргасан иргэдийн тоо цөөн бол иргэдийг хүсэлт гаргасан дарааллаар нь сонгуулах замаар газрыг өмчлүүлэх юм байна. Ингэж газрыг өмчлүүлэхдээ иргэдийн газар өмчлүүлэх сертификатыг үндэс болгохоор төсөлд тусгажээ.
Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар газар өмчлөх үйл ажиллагаа ил тод болж, иргэдийн оролцоо нэмэгдэх бөгөөд газар өмчлөлтэй холбогдсон сөрөг үр дагавар арилах ач холбогдолтой юм байна. Газар өмчлөх эрхийг иргэн бүрт баталгаажуулснаар иргэд газар өмчлөх эрхээ эдлэх боломжийг бүрдүүлнэ. Газар өмчлөн авах шаардлагагүй гэж үзвэл ө газар өмчлүүлэх сертификатаа хөрөнгийн зах зээлийн эргэлтэд оруулж хөрөнгөжих боломжтой . Ингэснээр иргэн бүр газар өмчлүүлэх ажиллагаанд адил тэгш оролцож, Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрнээ хэрэгжих болно хэмээн хуулийн төслийг санаачлагчид үзжээ.
Түүх сөхвөл Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг УИХ 2002 онд баталж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Энэ өдрөөс эхлэн Монгол Улс түүхэндээ анх удаа газраа иргэддээ өмчлүүлэх болсон ч хуулийн хэрэгжилт удаан, дийлэнх иргэн газраа өмчилж чадалгүй өдий хүргээд байна. Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд нийслэл хотын хүн амын 7,6 хувь буюу 91830 иргэн л газраа өмчилж авчээ. Орон сууцанд амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ хэрэгжүүлэх боломж хомс байгаа. Нөгөөтэйгүүр хууль хэрэгжүүлэх механизмыг нарийвчлан зохицуулаагүйгээс газар өмчлүүлэх эрх бүхий субъектын хүнд суртал гаарч, танил талдаа газар өмчлүүлэх, авлига авах зэрэг ноцтой сөрөг үр дагаврыг бий болгож байгаа нь ч нууц биш. Мөн газар өмчлүүлэх ажиллагаа ил тод бус байгаа. Иргэд газар өмчлөх өргөдлөө өгсөн боловч шийдэгдэлгүй хугацаа алддаг тохиолдол ч их. Иймээс эдгээр зөрчлийг арилгахаар дээрх долоон гишүүн хуулийн төсөл өргөн барилаа. Төслийг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэх бололтой байна.
Хуулийн төсөл өргөн барьсан зарим гишүүнээс авсан тодруулгыг удахгүй хүргэнэ.
Д.ОЮУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс
суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой
санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.