Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуулийн төслийг эсэргүүцэгчид олон бий. Хуулийг УИХ дахь бие даагчдын зөвлөл, МАН-ын бүлгийн зарим гишүүд эсэргүүцэж байгаа юм. Тиймээс хуулийн төслийг талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Газрын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатартай ярилцлаа.
-Гурван парламент дамжсан Газрын тухай хуулийн төсөлУИХ-аар орж ирсэн боловч дахиад л эсэргүүцэлтэй тулгарлаа. Бие даагчдын зөвлөл болон МАН-ынхан энэ хуулийг эргүүлэн татах ёстой гэсэн байр суурьтай байх шиг байна. Яагаад энэ хуулийг эсэргүүцээд байгаа юм бол?
-Эсэргүүцээд байгаа хүмүүс хуулийн төсөлдөө ч биш. Хууль бол эд нарын яриад байгаа шиг өөрчлөгдөөгүй. Ганцхан энэ хүмүүс өөрсдөө ард түмэнд таалагдаж, хүмүүсийг өөртөө татах гэж ийм зүйл ярьж байна. Өнөөдөр хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл бол гурван парламент дамжин хэлэлцэгдэж байгаа. Хаанаас эхлэн зохиогдсон гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Анх энэ хуулийг бичихэд оролцож явсан хүмүүс бол МАН-ын гишүүд. Тэр хуулийг нь өргөн барьчихсан байгаа шүү дээ. Энэ хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсний дараа УИХ аваад Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаад жил гаруй хугацаанд ажиллаж байна. Энэ хооронд зургаан том хэлэлцүүлэг зохион байгууллаа. Газрын багц хууль, хөдөө аж ахуйн газрын эрхзүйн зохицуулалт, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан гээд тус, тусад нь зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгүүдээс гадна иргэд саналаа өгсөн. Эдгээрийг нэгтгээд өнөөдөр өргөн барьсан хуулийг тодорхой түвшинд базаад байж байна.
-Гадны иргэдэд газар өмчлүүлэх гэж байна гэсэн мэдээлэл хамгийн их шүүмжлэл дагуулж байна. Газрын тухай хууль дээр МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа гэсэн?
-Хардаж болно. Хардах эрх нь байгаа. Гэхдээ үндэслэлгүй хардана гэдэг утгагүй. Одоогийн өргөн баригдсан хууль гурван парламент дамжин хэлэлцэгдэж байгааг би дээр хэлсэн. Тэгэхээр өмнөх хоёр парламентад өргөн баригдаад тодорхой хугацаанд хэлэлцэгдээд Засгийн газар буцаагаад татаад авчихсан үйлдлүүд л үргэлжлээд байна. Мэдээж хэлэлцэж эхэлсэн хуулийн төсөл тодорхой сайжруулсан хувилбар. Тэр санал дүгнэлтийг үндэслээд энэ Засгийн газар дахиад өргөн барьсан. УИХ-ын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг зөвхөн гишүүдээс бүрдэхээс гадна мэргэжлийн хүмүүсийг нэгтгэдэг. Одоогийн байдлаар хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийн түвшинд ирчихээд санал хураагдахгүй байна. Яагаад санал хураахгүй байна гэхээр МАН-ын бүлэг саналаа нэгтгэж чадахгүй байгаа юм. Үүнийгээ бүлгийн удирдлагууд УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр хүлээн зөвшөөрсөн. Бие даагчид, МАН-ын зарим гишүүдийн твиттер, фэйсбүүкээр энэ хуулийн талаар худал мэдээлэл цацаж байгаа нь газар авч байна. Ард олныг турхирсан, мэдээлэл муутай байгаагаар нь далимдуулж байна. Хууль бус үйлдэл хийж байгаа энэ хүмүүс таслан зогсоохгүй юм бол хууль шүүхийн байгууллагууд ажлаа хийх хэрэгтэй.
-Ер нь хуулийн төсөлд өмчлөх, ашиглах, эзэмших асуудлыг хэрхэн тусгасан бэ?
-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд маш удаан хугацаагаар бусад нам эвслийн саналыг хүндэтгэлтэйгээр хүлээж аваад хэлэлцүүлэг хийгээд, мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг сонсоод өнөөдрийг хүртэл харахад одоо өргөн баригдсан хууль дээр сүйд хийчих гээд байгаа юм огт байхгүй. Өмнөх хуулийн төслийн зүйл заалтууд тэр чигээрээ орсон. Одоо мөрдөгдөж байгаа хуулинд өмчлөх, ашиглах, эзэмшүүлэх гэдэг ойлголт байна. Юу ч өөрчлөгдөөгүй. Бид үүнийг арай илүү төгс болгохын тулд бэлчээртэй холбоотой асуудлыг тусад нь салгачихсан. Бэлчээрийн тухай тусгай хууль гаргана гээд цэгцэлчихсэн.
Одоо мөрдөгдөж байгаа хуулинд Газрын бирж байгуулна гээд заачихсан байгаа. Тэр бирж нь өнөөдрийг хүртэл байгуулагдаагүй. Тэгэхээр одоо Газрын бирж зайлшгүй байх ёстой, биржийг хуулийн хүрээнд хэрхэн ажиллуулах вэ гэдэг дүрэм, журмыг боловсруулах, ажиллагаанд оруулах чиглэлийг хуулийн төсөлд илүү тусгасан. Дээр нь өмчлөх, эзэмших, ашиглах гэдгийг тодорхой зааж өгч байгаа. Яагаад гэхээр Үндсэн хууль дээр өмчлөх гэдгийг тодорхой заачихсан байгаа юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр зарим дагалдах салбарын хууль дээр 0,07-0,5 га газрыг үнэ төлбөргүйгээр нэг удаа өмчлүүлнэ гэж заасан нь яг хэвээрээ. Өмчилж авсан газар дээрээ Монгол Улсын иргэн ямар үйл ажиллагаа явуулах нь тэр хүний эрхийн асуудал.
-Гадныханд ашиглах эрх өгч байгаа нь өмчлүүлнэ гэж ойлгогдоод байх шиг байна. Ялгааг нь тайлбарлавал?
-Эзэмших гэдгийг энэ хуулинд ямар байдлаар оруулж байгаа вэ гэхээр зөвхөн төрийн төсөвт байгууллагууд эзэмших ёстой гэж бид үзэж байгаа юм. Тэгэхээр өөр хүн эзэмших эрхгүй гэсэн үг. Ашиглах гэдэг нь дотроо 5,6 хэсэгтэй. Нэгд Монгол Улсын иргэн газар ашиглаж болно. Ашиглахдаа “тодорхой үйл ажиллагаа явуулах зураг төсөлтэй гэрээг аймаг, нийслэлийн Засаг дарга хийж, ашиглана” гэсэн заалт байгаа. Гэрээн дээр нөхцөл шаардлагууд тодорхой тусгагдана. Мөн “Монгол Улсын иргэн газрыг оршин суух зориулалтаар ашиглаж болно” гэсэн заалт байгаа.
Түүнчлэн Монгол Улсын хуулийн этгээд газар ашиглаж болно. Зориулалтын дагуу биржээр дамжуулж гэрээ байгуулаад ашиглаж болно гэсэн үг. Хэрвээ зориулалтын бусаар ашиглавал төр шууд хураана. Мөн Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс Монгол Улсад оршин суух хугацаандаа газар ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм. Газрын биржээр дамжуулж аваад тэндээ зөвхөн оршин суух зорилгоор ашигла гэсэн заалт байгаа. Дараагийх нь “Гадаадын хуулийн этгээд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр мөн ашиглаж болно” гэсэн заалт байгаа юм. Тухайн ашиглах газар дээр зураг төсөл нь байх юм. Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж мөн газар ашиглаж болно. Гэрээнд заагдсан зориулалтаар л ашиглана. Өмчлөх, эзэмших эрх байхгүй. Тодорхой хугацаатай. Энэ бүгдийг газрын биржээр дамжуулж ашиглах юм. Монголын болоод хамтарсан аж ахуйн нэгж мөн адил. Одоо мөрдөгдөж байгаа хуулинд эдгээр заалтууд бүгд байгаа юм. Ганцхан үүнийг эсэргээр нь тайлбарлаж, иргэдэд буруу ойлгуулаад байна.
-Өмнө нь зориулалтын бусаар буюу цэцэрлэг барина гээд баар барьчихдаг тохиолдол олон бий шүү дээ. Зориулалтын бусаар ашиглачихсан байгаа бол одоогийн хууль үйлчлэх үү?
-Хууль эргэж үйлчлэхгүй. Хууль гарсан өдрөөсөө хойш дагаж мөрдөгдөөд явна. Хүмүүсийн болгоомжлоод байгаа зүйл нь хардлага, дээр нь тухай хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан алдаанаас болоод байгаа юм. Тэгэхээр газрын бирж гэдэг нь өмнөх хууль дээр байсан боловч өнөөдрийг хүртэл байгуулагдсангүй. Тийм учраас хэдэн хүн халааснаасаа өгч байсан юм шиг газар өмчилж байсан байж магадгүй. Одоо нээлттэй, ил тод Монгол Улсын газар зохион байгуулалтыг жил болгон баталгаажуулаад батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ, энэ газрыг ийм, ийм зориулалтаар нээлттэй зарлана.
-Хуульд Газрын биржийн үйл ажиллагаа яаж тусгаж байгаа вэ. Хэзээнээс байгуулагдах вэ?
-Хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдөх юм уу, эсвэл хуулийн төсөл дээр хугацаа заасан бол тэр хугацаагаараа хэрэгжиж эхэлнэ. Газрын бирж байгуулагдах нь зайлшгүй. Тэрийг хууль батлагдсаны дараа Газрын биржийнхээ бүтэц зохион байгуулалтыг хйигээд батлуулах ёстой. Газрын бирж ажиллах журам батлагдаагүй байсан. Одоо бид журам боловсруулж, Газрын биржийг ажиллагаанд оруулна. Газрын тухай хуулиар бүгдийг зохицуулна.
-Тэгэхээр газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлнэ гэсэн мэдээлэл үндэслэлгүй юу?
-Гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газрыг өмчлүүлэх тухай асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын газрыг хэн нэгэн гадаадын этгээд худалдаад авчихсан юм байхгүй. Газрыг аваад явж чадахгүй юм чинь авна гэсэн ойлголт байхгүй.
-Энэ хуулийн санаачлагч нь хэн юм бэ. УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан нарын өргөн барьсан гэсэн мэдээлэл байна?
-Тэр бол тусдаа өөр хууль. Энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан.