-ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛ, ҮЗЭЛ БОДЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТЫГ ШИНЭЭР ЭРГЭЦҮҮЛЭХ ЦАГ БОЛСНЫГ ЖИРГЭЭЧДИЙН ҮЙЛДЭЛ ХАРУУЛЖ БАЙНА-
Хүн төрөлхтний түүхэнд интернэт орж ирснээр шийдэгдсэн асуудлыг тоочивч баршгүй. Интернэтийг дагаад шинээр бий болсон олон арга, технологиуд бий. Бас үүнтэй зэрэгцээд сул талууд нь ч цөөнгүй.
Монгол цоорхойтой цоорхойгүй гэж сайн муу шүүмжлэх ч хуультай, бас тэрхүү хуулиа дагадаг төрт ёстой улс. Харин сүүлийн үед хуулинд үл хамаарагдах, хуулиас гадуур орчин үүссэн нь твиттер, фэйсбүүкийн орон зай. Үзэл бодлоо илэрхийлэх боломж, мэдээлэл, туршлагаа солилцох давуу тал, сонирхол хүсэлтэй хүмүүсийн нэгдэл зэрэг сайн зүйл их ч, дагалдагч хэд хэдэн асуудлыг орхигдуулж боломгүй байгаа юм. Мэдээллийг түргэн шуурхай түгээдэг энэ орон зайг бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх үү. Хэрэв тэгж үзэх бол хариуцах эзэн нь хэн байх вэ. Энэ орон зайд хэн нэгэн түрүүлж мэдээлэл тавиад түүнийхээ үнэн зөв эсэхэд ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Хэрэв буруутлаа гэхэд би тэгж дуулсан нь буруу байж, эсвэл би тэгж бодсон юм гээд бичсэнээ устгачихдаг жишиг бий. Гэвч үүнээс нь үл хамаараад өнөөх буруу мэдээлэл нь аль хэдийнэ түгчихдэг. Мэдээлэл түгээж байгаа зарчим нь адил учраас энгийн иргэдийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл худлаа мэдээлэл түгээдэг гэсэн сөрөг ойлголт давхар явчихаад байгаа тал бий. Хэрэв энэ маягаар үргэлжилбэл хүмүүс хэвлэл мэдээллийн салбарт итгэх итгэлгүй болж, ардчиллын тулгуур чанар болсон энэ салбарыг татаж унагах аюул байна. Ингэвэл тусгаар тогтнолд халтай байдал ч хөндөгдөнө.
Цаашлаад хувийн үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй ч, эрхээ эдэлж байна гээд бусдын эрхэнд халдах байдал ч түгээмэл болсон. Нэгэнт нийтийн сүлжээнд хандаж байгаа болохоор мэдээллийн үнэн байдал, ёс зүйн хэм хэмжээ, бусдын нэр хүндэд халдахгүй байхыг нэхэхээс аргагүй. Гэвч үүнийг чөлөөт ертөнц гэж үзэгсэд дэндүү олширсон учраас хуульгүй, засаг захиргаагүй давхарга үүсчихээд байгаа нь үнэн. Дэлхий дахинд 140 сая хэрэглэгч твиттерийн ертөнцөд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо байдаг. Хоёр жилийн өмнөх үзүүлэлтээр өдөрт 340 сая жиргээ эргэлддэг гэсэн тоо нь өдгөө хамаагүй өссөн гэж байгаа. Манайд ч твиттер хэрэглэгчдийн хүрээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Нийгэмдээ дуугаа хүргэж чаддаг гэж өөрийгөө тоодог, тэгэх хүсэл тэмүүлэлтэй, эсвэл бусдаас түрүүлж мэдээлэл дуулгаж, олж авах сонирхолтой гээд олон мянган хүн энэ орон зайд амьдардаг. Монголын гэх онцлогтой жиргээний гал тогоо дэлхийн хэмжээний твиттерийн ертөнцөд орон зайгаа тэлсээр байна. Ажаад байхнээ нь хэд хэдэн таагүй зүйл эндээс харагдана. Хэрэв хэн нэгэн хүн ярианы гол сэдэв болох юм бол тэр хүн рүү бөөнөөрөө боорлож аваад дайрчихна. Яг л цөөвөр чонын сүрэг шиг. Цаана нь хүн байгааг, тэр хүн өөрийн гэсэн ажилтай, амьдралтай гэдгийг мартан үгүй болтол нь хэмлэцгээнэ. Хэрэв асуудалд олонхийн барьж байгаа өнцгөөс өөрөөр хандах юм бол нийлж байгаад дарж авна. Сүүлдээ буруутнаар тодорсон нөхрийг өмөөрч өөрийгөө үгүй хийх зоригтон ч алга болсон нь харагдана. Заримдаа тэр байдлыг нь харахад цаанаасаа дохиогоор хөдөлдөг, захиалгын гэмээр байдал анзаарагддаг. Үнэндээ твиттерийн хувьд дурын хүн ямар нэгэн үнэ төлбөргүйгээр нээх боломжтой. Нэг хүн хэдийг ч, ямар ч хамаагүй хуурамч нэрээр нээх боломж нь нээлттэй байдаг. Монгол твиттерчдийн дунд зураг хөргөө тавиад, өөрийнхөө нэрээр нээсэн хүмүүсээс гадна элдэв хуурмаг нэр өгч, алдартнуудын зургаар гоёсон хүмүүс цөөнгүй байдаг. Хэрэв хэн нэгэн рүү бөөнөөрөө боорловол голдуу нэр ус нь тодорхойгүй тэр л хүмүүс байх вий. Өнгөрсөн цагаан сарын үеэр нэг тавгийн боовыг арваар өрсөн хэрэг дээр манай жиргээчид ёстой жиргэлдэх шиг болсон. Мэдээж, баяр ёслолын үеэр сэжиг сүжгээ боддог монголчуудын хувьд үүн дээр яаж хандах нь тодорхой. Гэхдээ жинхэнэ шуугих шиг болсон доо. Бүгд л зургийг нь тавьж, бүр улаанаар тойруулж зурж ирээл жиргэцгээсэн. Тэглээ гээд хариуцлага хүлээсэн хүн нь дарга даамлууд биш үйлчилгээний гурван ажилтан ажилгүй болж хоцорсон. Хоёр нь ч бил үү удахгүй тэтгэвэртээ гарах хүмүүс байсан гэнэ лээ. Насаараа төрийн албанд зүтгэсэн тэр хүмүүсийн амьдрал яасан нь, хэрхсэн нь тэдэнд хамаагүй л үлдсэн. Үнэндээ тэр боовыг арваар өрлөө гээд тэр жиргээчдийн амьдрал яаж өөрчлөгдсөн юм, харин төрийн албаны хар бор ажилд зүтгэсээр ирсэн тэр эмэгтэйчүүдийн амьдрал хэрхэн орвонгоороо өөрчлөгдсөн бол. Бодох л асуудал. Бас жиргээний ертөнцөд дуулиан болсон нэг сэдэв байна. БШУЯ-ны хариуцлагатай албан тушаалтай нэг эмэгтэй телевизээр яриа өгөхдөө уран зохиолын хичээлийг хасах гэж байгаа тухай мэдэгдсэн хэрэг маш удаан хугацаанд хэлэлцүүлэг дагуулсан. Яг бодит байдал дээр уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах гэсэн үү гэвэл үгүй. Телевизийн сэтгүүлч олон минутын ярианаас тэгж ойлгогдохоор хэсгийг монтажлан авч хүргэснээс энэ хэрэг мандсан гэж байгаа. Өнөөх дарга нь ч гэж адилхан. Хариуцлагатай алба хашдаг хүн байж таслан авахад буруу ойлголт төрүүлэхүйц ярьчихсан байдаг. Ингээд л жиргээгээр өнөөх Насанбаяр даргыг намнах ажил эхэлсэн дээ. Ингэхдээ киноны төсөөллийн баатрын бие дээр толгойг нь аваачиж залгаад л, сүүлдээ тэр эмэгтэйд нэр ч гэж байхгүй болсон. Мүүн л гэж жиргээгийнхэн тэр аяараа чичилсэн. Яамны дарга эмэгтэй эхэн үедээ жиргээгээр хариу тайлбар хийх гэж оролдсон ч тэрнийг сонсохыг хэн ч хүсээгүй, монгол жиргээчдээс. Албан тушаалтных нь хувьд ч, бүсгүй хүн, бас эх хүнийх нь хувьд ч түүнд ямар байхыг хэн ч бодоогүй. Нэр хүндэд нь халдахын дээдээр халдаад сүүлдээ шашин шүтлэг рүү нь ороод дууссан даа. Шашин шүтэх, эс шүтэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Монголын хууль үйлчилдэггүй жиргээнийхэн дунд Х.Тэмүүжин сайдын асуудал орж ирэх үед өмөөрөх ажиллагаа маш сүрхий явагдсан. Хамгийн сүүлд гэхэд НИТХ-ын төлөөлөгчид Бразил руу явах асуудлыг будаа болгосон доо. Хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн гэгдэж муучлуулсан өнөө хэд нь ичсэндээ Бразил явахаа цуцалж ч байх шиг. Анхнаасаа явах шийдвэр гарах үед ичээгүй юм бол сүүлдээ тэгж маяглаж яадаг байна аа. Тэгж яривал онгоцны тасалбараа цуцлаад ихэнх хувиараа торгуулаад төсөвт эргэн орж мөнгө бараг байх биш нэг ч гэсэн монгол Өмнөд Америкт хөл тавиад ДАШТ газар дээрээс нь үзээд ирсэн бол аштай байхгүй юу. Нэг талд шүүмжлэх хүмүүс байх ч нөгөө талд нь арай өөрөөс харах хүмүүс манай жиргээчдийн дунд байхгүй нь сэжиг төрүүлээд байгаа юм. Жаахан өөр өнцгөөс харах гэхээр харлуулж байгаа хүнтэйгээ нийлүүлээд хуничихдаг болохоор айгаад байдаг юм болов уу. Гэхдээ энэ нь илүү зохион байгуулалттай, захиалгаар хөдөлдөг бүлэг хүмүүс олноор үүрлэж, жиргээг ашиглаад байна гэсэн харыг батлаад байх шиг.
Сүртэй үйл явдлууд өрнөхөөс бусад үед жиргээнд шар айраг ууж, цуйван идэх тухай бас тэгээд бүсэлхийнээс доош зүйлийг жиргэх нь элбэг байдаг юм. Энгийн сайхан мэдээлэл түгээдэг хүмүүсийн дагагчдын тоо нэмэгдэнэ гэж байдаггүй гэж байгаа. Харин бүсэлхийнээс доошоо жиргээд эхэлбэл гэрлийн хурдаар нэмэгддэг талаар архаг жиргээчин ярьж байсан. Үнэндээ ч жиргэж байгаа сэдэв нь халуухан, бусдыг уриалан дуудсан залуу бүсгүйчүүдийн аккаунт хаяг элбэг. Тэд жиргээг янз бүрийн зорилготой ашиглаж байх шиг. Оройн цагаар бусдыг илэрхий өдсөн, урин тачаангуй үгс энд их өрнөдөг гэх. Зарим хүнтэй дайрект мессэж буюу хоёулхнаа харьцдаг хэсгээр нь элдвийг бичилцсэнээ олонд дэлгэнэ гэж сүрдүүлэх хэрэг ч гарах болжээ.
Яг үнэндээ сайхан бүсгүйн хаягийн цаана эрчүүд ч байдаг гэлцэнэ. Эр хүн дэнгийн эрвээхэй хоёр гэнэдэж дуусах биш нэгнийхээ гох дэгээнд орчихоод элдэв сүрдүүлэгт нь орж байгаа талаар жиргээнийхэн ярилцацгааж л байна лээ. Тэгэхээр энд бас л гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд яваад байгаа биз дээ. Бас хүнийг гүтгэх доромжлох гэмт хэрэг энд үйлдэгдсээр. Засгийн газар, Ерөнхий сайд, Фортуна эд нарыг бол амиар нь гүйцээнэ. Шүүмжилж болно, доромжилж болохгүй гэдэг сэн дээ. Бусдыг гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан хэргээр хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүхийн өмнө буруутдаг. Харин нэгнээ тал талаас нь цөөвөр чоно мэт боорлож аваад хэн ч биш болгодог, нэгнээ дайрч давшилдаг энэ ертөнцөд хуулийн зохицуулалт гэж байна уу. Онлайн ертөнцийн хамгийн аюултай нь хүний нэр хүндэд халддаг, бусдыг гүтгэдэг тэгсэн атлаа хариуцлага хүлээдэггүй явдал гэж дэлхий нийтээр үзэж байгаа. Зарим улс орнууд үүнийг тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бол зарим нь бүр наяад оны хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж асуудлыг шийдсэн байх жишээтэй. Онлайн ертөнцийн сул талууд зөвхөн манайд ч байгаа юм биш. Англид болсон нэг хэрэг твиттерийн эзэн бие нь тодорхойгүй нөхөдтэй хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн яриаг улам даамжруулсан юм. Их Британийн уран гимнастикч Бет Кимберлей Твидл бол гимнастикийн дамнуургын төрөлд улсдаа анхны Олимпийн медалийг нь авчирч байсан, гурван удаа олимпийн утаа үнэртсэн, дэлхийн аваргын гурван удаагийн аварга, олимпийн хүрэл медальт тамирчин юм. Тэрбээр “Скай Спортс Ньюс”-ийн асуулт хариултын нэвтрүүлэгт оролцох үед нэвтрүүлгийнхэн твиттерт түүнээс асуух асуултаа ирүүлэхийг хүссэн байна. Харин асуултууд нь гэж ямар юм ирсэн гэж бодно. Бет Кимберлейн хувьд жаахан ам томтой, магнай уужимтай монголчуудын дүрсэлдгээр морин толгойтой гэгдэхээр бүсгүй л дээ. Гэвч асуулт нь түүнийг аль шүдний эмнэлэгт очдогоос эхлээд өөрийгөө царай муутнуудын аль ангилалд оруулах вэ, амандаа теннисний цохиур чихэж чадах уу гэхчлэн нүүр царайтай нь холбоотой доромжилсон өнгө аястай байв. Уг явдлын дараа ийм тохиолдолд твиттерийн хэрэглэгчдэд хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар багагүй ярилцжээ. Хамгийн гол нь хуурамч нэрээр нээсэн хүмүүс хэний ч өмнө буруутаж хариуцлага хүлээдэггүй, ёс зүйн ичгүүр хүлээдэггүйд асуудал байдаг. Гадныхан ч хэрэглэж байгаа хуулийн хүрээнд уг асуудлаа шийдээд эхэлсэн. Бас Англид болсон нэг хэрэг бий. Их Британийн доод танхимын спикерийн гэргий твиттерээр хүн гүтгэсэн хэрэгт унаж, 50 000 паунд төлсөн явдал гарсан. 2012 оны арваннэгдүгээр сард хатагтай Берков Лорд МакАлфайныг асрахаас авсан хүүхдээ бэлгийн мөлжлөгөд ашигладаг гэж шүүмжилж, өнөөх нь шүүхээр заргалджээ. Хэдийгээр хаягаа хааж үзэж, уучлалт гуйсан хэдий ч бусдыг гүтгэсэн хэрэгт буруудан шүүхээс шийтгэл ногдуулсан юм. Манайд харин анхны гомдлууд нь цагдаагийн байгууллагад очиж байх шиг. Нэг жиргээч А.Гансүх сайдын талаар твиттерт бичсэнийг сайд гүтгэлэг гэж үзэн зохих байгууллагад нь хандаж улмаар түүнийг гүтгэсэн нь нотлогдсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэгдсэн. Хэдийгээр гүтгэснийг нь нотолсон ч хариуцлагын ямар тогтолцоо байгаа талаар юу ч дуулдаагүй.
Зөвхөн Монголынхоо жиргээний хүрээнд байдаггүй зарим жиргээч ярихдаа “Манайхны жиргээ гэж монгол зан нь тэр чигээрээ үнэртсэн, хоосон хийрхэж шүүмжилсэн, улстөржсөн зүйлс байх юм. Гадныхан танин мэдэхүйн чанартай, бусдадаа хэрэг болохуйц мэдээлэл өгсөн зүйлс жиргэдэг” гэцгээж байсан билээ. Манай нэг жиргээч “Гагарины тухай кино гарлаа. Манай Гүррагчаагийн тухай нэг ч дурдсангүй. Хамт ниссэн биз дээ” гэж бухимдан бичээд бусдаасаа банга дуулж байгаа харагдсан. Юмаа мэдэхгүй хоосон хийрхдэг залуусаар дүүрсний нэг жишээ болов уу. Дээрээс нь жиргээнд манай улстөрчид, өндөр албан тушаалтнууд олноороо бий. Тэд яагаад ч юм жиргээчдийг тэр чигээрээ ард түмэн маань гэж ойлгоод байх шиг байдаг. Мэдээж түмэн олны төлөөлөл мөн ч твиттерт саатдаггүйчүүд монголчуудын үлэмж нь. Сүүлийн үед улс төрийн намууд твиттерт бүлэг байгуулж, янз бүрийн нэрээр нам намаа хамгаалж, бусдыгаа үгүйсгэж үүндээ бас санхүү төсөвлөх болсон гэдэг. Тэгэхээр өөрсдийгөө ард түмнийхээ дуу хоолойг твиттерээр сонсдог гэж улстөрчид маань тайлбарлавал худлаа болов уу. Хуурамч хаягаар нэг асуудлыг мянга давтаж үнэн болгож магадгүй шүү.
Одоогоос хэдэн жилийн өмнө хувьсгалыг гудамжинд биш гэрээсээ хийдэг болсон талаар шуугиж байлаа. Үнэндээ ч Арабын хувьсгалыг нийгмийн сүлжээгээр хийж, гэр гэртээ байсан олон залуусыг фэйсбүүкээр уриалсаар гаргаж ирж чадаж байв. Тухайн үедээ баатарлаг явдал мэт, гайхалтай түүх мэт санагдаж байсан эргээд бодохнээ тэнд юу болов. Цус нулимс, үхэл хагацал, ядуурал хоосрол, үнс нурам. Удирдагчдын дарангуйлал тэднийг зовоож байсан гэх боловч тэр ард түмэн өнөөдөр юуг хожсон юм бэ гээд бодохоор бас л харьцангуй ойлголт юм даа. Танкийн гинжний хяхтнаан, нисдэг тэрэгний нүргэлээн, пуужингийн дэлбэрэлт үргэлжилсээр байна. Амьдрал мэдэхгүй залуучуудын хөөрөл, худлаа донгосолт арай энэ бүгдийг авчирсан юм биш биз дээ. 2009 оны Үрэмчийн бослогыг гаргасан залуус фэйсбүүкийг ашиглаж байсан болохоор Хятадад хаачихсан байгаа, мөн Египет, Иран, Мавритан, Сири, Бангладеш, Мароккод ч хаасан.
Мэдээж, эдгээр улс шиг хаана гэж юу байхав. Гэхдээ хэлсэн үгэндээ, бичсэн постондоо эзэн болохгүй, доромжлолоо шүүмжлэл гэж ойлгодог, бусдыг гүтгэдэг гүжирддэг энэ байдалд ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол болохгүй байна. Хэн ч намайг мэдэхгүй гэж хөнгөн бичсэн хурууны өндөгний цаана хүний амь амьдрал, улс орны тусгаар тогтнол гэж байдаг юм шүү. Эрх чөлөө, тусгаар тогтнол, үзэл бодлын тухай ойлголтыг шинээр эргэцүүлэх цаг болсныг жиргээчдийн үйлдэл харуулж байна. Энэ утгаар нь “Жиргээчдэд талархъя”.