УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өчигдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Учир нь гишүүнийг амь насанд нь заналхийлсэн дарамт шахалт ирэх болсон гэнэ. Харин энэхүү дарамтыг Газрын тухай хуультай холбоотой байх хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр мэдээлэл хийх үеээр хэлэхдээ “Энэ хэвлэлийн бага хурлыг би УИХ-ын гишүүний хувиар хийж байгаа юм. Сүүлийн үед Газрын тухай хуулийн талаар олон янзын мэдээлэл тарж байгаа. Өчигдөр би Засгийн газрын “11 11″ төвд ажиллаж, Газрын тухай хуулийн талаар иргэдэд тайлбар өгсөн. Гэтэл Газрын тухай хуультай холбоотой асуудал ярьж, үл мэдэх утаснаас над руу маш их дайралт хийлээ. Амь насанд чинь халдана, 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдал зохион байгуулна гэсэн утгатай мессэж байнга явуулж байна. Энэ мессэж явуулж байгаа хүмүүсийг турхирч байгаа хүмүүс бий. Тиймээс энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгнө.” хэмээн мэдээллэсэн.
Тэгвэл өчигдөр УИХ -ын гишүүний халдашгүй байдалд заналхийлж, нийгэмд эмх замбараагүй байдлыг зохион байгуулна хэмээн мэдэгдсэн н.Ганзоригийг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ.
Түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 177 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Сэжигтэн Ганзориг нь хэн болох, хэний захиалга даалгарваар бусдыг заналхийлсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор уг хэргийг харъяаллын дагуу Тагнуулын Ерөнхий газар шалгаж байгаа аж.