Газрын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн иргэдийн бухимдалд хамгийн их өртсөн хүн нь хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар байв.
Түүнийг н.Ганзориг гэгч “Буудна шүү” хэмээн удаа дараа заналхийлсэн учир тэрбээр хуулийн байгууллагад ханджээ.
УИХ-ын гишүүний гомдлын дагуу иргэн н.Ганзоригийг саатуулан шалгаж байгаа аж. Ингэхдээ хэргийг “Харьяаллынх нь дагуу АТГ-т шилжүүлсэн” гэж ЦЕГ-ын эх сурвалж мэдээллээ.
Иргэн н.Ганзориг заналхийлсэн гэх мэссэжнийхээ төлөө хариуцлага хүлээвэл Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн “заналхийлэх” гэх зүйл, ангиар шийтгүүлж магадгүй юм.
Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийн 231-д “Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг доромжлох” гэж зүйлчлэн заажээ.
231.1-д “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 250-350 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх эсвэл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж зааж өгчээ.