Хамгийн товчоор дүгнэхэд Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгад “Одоо зогс” гэсэн үгийг хэллээ. Улс төржүүлж болох сэдэв, болдоггүй сэдэв гэж байдгийг сануулж, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, гадаад бодлогын хувьд нэгдсэн нэг бодлоготой байна хэмээж, Улсын бодлогыг илэрхийлэгч ганц хүн байдаг нь Ерөнхийлөгч би гэдгээ ч хатуухан хэллээ. Монгол Улсын үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болдог хүнийхээ хувьд түүний энэ үгс сүүлийн өдрүүдэд хамгийн их хүлээлттэйгээр гарсан үг байлаа.
Үндсэн хуулийн утгаараа эв нэгдлийг илэрхийлэгч, агуулгаараа улс орны эцэг нь Ерөнхийлөгч. Иймдээ ч айл гэрийн аав хүний зангараг, илүү дутуу далд утгагүйгээр Х.Баттулга гишүүнд шуудхан санаагаа хэлэв. Өнөөдөр Ерөнхийлөгчийн өрөөнд болсон ярилцлага эхлэнгүүт хэлсэн эхний өгүүлбэр нь шууд л “100 чухал сэдэв” гэх нэвтрүүлгийн тухай байв. Утга учиргүй талцал, нэгнээ эрлийз хурлийзаар нь дуудах, дам яриа, “гэнээ” гэх үгс нь үнэхээр сүүлийн өдрүүдэд олон нийтийг ч талцуулсан нь үнэн. Энэ бүхэнд хэн нэгэн цэг тавих ёстой байсан нь энэ удаад Ерөнхийлөгч болов. Ерөнхийлөгч ийнхүү эцэг хүний ёсоор дугарч, ирээдүйдээ эргэлзэхэд хүргэж байсан асуудалд “Монгол төр бодлоготой шүү, түүнээс биш хэн нэгний явуулгаар улс баялгаа худалдахгүй” гэх үгсийг Х.Баттулгад хэлж буй мэт боловч олон нийтэд өгч буй байр суурь юм.
Ерөнхийлөгчийн яриа бүхэлдээ 30 минутанд багтсан бөгөөд түүний хэлэх гэсэн гол санаанууд нь байх хэмээн таамаглавал “Нэр алдаргүй захиалгат нэвтрүүлгүүд нь үзэл бодол нь төлөвшөөгүй залуу үед ямар хортой тухай”, “Зарим нөхдийн туйлширсан байр суурь Монгол Улсын байр суурь биш шүү”, “Гадаад харилцааны нэгдсэн бодлоготой, хөрш орноо муучлах нь улсын бодлого биш” гэдгийг, “Төмөр зам ярьсаар алдсан цаг хугацаа ашигт малтмалаас чинь үнэтэй болсон” тухай, “УИХ-ын гишүүн хүний асуудлаа шийдэх эрх нь хууль тогтоох хэлбэрээр илэрдэг болохоос биш хэвлэлээр дайтах биш” гэдгийг, “Хэвлэл мэдээлэл хариуцлагатай байх” тухай анхааруулаад байх шиг.
Ерөнхийлөгч уулзалтанд ирэхдээ нэг бичигтэй ирж. Тэр нь “УИХ-аас батлан гаргасан Төмөр замын бодлогын баримт бичиг” бөгөөд эх захгүй маргаад байх шаардлага байхгүйг харуулж, “Аль улс руу ачаа бараагаа гаргаж байна тэр улсынхаа царигийг тавина” гэх зэргээр уншиж өгөв.
“Жинхэнэ тулаан рингэн дээр л болдог” гэх үг бий. Яг түүн шиг хууль тогтоогчид, улстөрчид тулаанаа УИХ дээр, хууль тогтоолын хэлэлцүүлэг дээр л хийх ёстойгоос биш хэвлэл мэдээллийг ашиглан олон нийтийн сэтгэлзүйг талбараа болгох шаардлага байхгүйг өнөөдрийн уулзалт дахин дахин хэлээд байх шиг. Яаж ч бодсон Х.Баттулгад “Одоо зогс” гэж Ерөнхийлөгч хэлчихлээ. Харин Х.Баттулга зогсох болов уу?