УКРАИН ЕВРОПЫН ХОЛБООНД НЭГДЛЭЭ

УКРАИН ЕВРОПЫН ХОЛБООНД НЭГДЛЭЭ

Украины Ерөнхийлөгч П.Порошенко Европын холбоотой эвсэх Украин болон Европын холбооны улс төр, эдийн засагтай холбоотойгоор тогтоосон барагцаагаар 1200 хуудас бүхий  баримт бичигт гарын үсэг зуржээ. Тус Европын холбоотой эвсэх эдийн засгийн баримт бичигт гарын үсэг зурах  ёслол нь өнгөрсөн баасан гарагт Белгийн Брюссел хотноо зохион байгуулагдсан юм. Ёслолд Европын холбооны дээд удирдлага, холбооны 28 орны төр засгийн тэргүүнүүд оролцож гэрээнд гарын үсэг зурцгаажээ. Гүржийн Ерөнхий сайд Ираклий Гарибашвили,  Молдавын Ерөнхий сайд Юрий Лянкэ  нар ч тус ёслолд оролцож уг баримтуудад гарын үсэг зурсан байна. “Бүх нийтийн цэцэглэлт нь ардчиллын зарчим, хүний эрхийг сахих, хуулийн дээдлэл зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурладаг” гэж ёслол дээр Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпей хэлсэн бол  “Одоо эдгээр орнуудад өөрчлөлт, шинэчлэлийн урт бөгөөд  эрчимтэй үйл ажиллагаа эхэлж байна” гэж Евро комиссын тэргүүн  Жозе Мануэл Баррозу мэдэгдлээ. Харин Украины төрийн тэргүүн П.Порошенко энэ удаагийн гэрээний тухайд “Украиныг  шинэчлэх боломж олгож буй үйл явдал боллоо” хэмээн онцлон тэмдэглэсэн бөгөөд “Гарын үсгээ зурсан энэ өдрийг тусгаар тогносоноос хойш түүхэн дэх хамгийн чухал өдөр тохиолоо” хэмээжээ.
 

 


Гал зогсоох хугацааг сунгалаа 


Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчтай хийсэн тохиролцооны хүрээнд хийсэн “Гал зогсоох” тухай хэлэлцээрийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор Украины Засгийн газар өнгөрсөн бямба  гарагт энэ сарын 30-ны өдрийн 10.00 цаг хүртэл 72 цагийн хугацаагаар дахин сунгаж байгаагаа мэдэгдсэн юм.  Зүүн хэсгийн Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын удирдлагууд ч “гал зогсоох” хугацааг гурван өдрөөр сунгахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
 

В.Путин саатуулагдаж буй хүмүүсийг суллахыг шаардав


Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид өнгөрсөн долоо хоногт гурван сар гаруй үргэлжилсэн дайныг түр хугацаанд зогсоох асуудалд Украины Засгийн газартай нэгдсэн тохиролцоонд хүрсэн билээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин салан тусгаарлагчдад хандан “гал зогсоох” хэлэлцээрийн хүрээнд саатуулагдаж байгаа бүх хүмүүсийг суллах хүсэлтийг  албан ёсоор  тавьж байсан юм.
 

Ажиглах хэсгийн дөрвөн гишүүн суллагджээ


Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага өнгөрсөн бямба гарагт Украины зүүн этгээдэд өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Оросын талыг баримтлагчдад баривчлагдан саатуулагдаж байсан  ажиглах хэсгийн дөрвөн гишүүнийг суллагдсан гэж мэдээллээ. Австрийн нийслэл Вена хотод байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг тус байгууллагын тусгай ажиглах хэсгийн байгууллага фэйсбүүк  хуудас­таа “Луганскт албан үүргээ гүйцэтгэж явсан ажиглалтын багийн дөрвөн гишүүн нэг сар гаруй хугацаанд хоригдсоны эцэст суллагдлаа” хэмээн бич­сэн байна. Украинд өнгөрсөн тавдугаар сарын 26, 29-ний өдрүүдэд ямар ч зэвсэггүй ажиглах хэсгийн гишүүдээс бүрдсэн хоёр баг болон Украины орчуулагчид баривчлагдан хоригдсон билээ.  Тавдугаар сарын 26-ны өдөр Донецк мужид саатуулагдсан гишүүдийг салан тусгаарлагчидын удирдагчид  тухайн өдрөө сулласан ч, Луганск мужид саатуулагдсан багийнхныг өөр зэвсэгт бүлэг­лэлд хулгайлагдсан гэж үзэж байсан юм.
 

Украинаас ОХУ-руу 110 мянган иргэн дүрвэсэн гэв


НҮБ-аас өнгөрсөн баасан гарагт Украинаас ОХУ руу дүрвэх иргэдийн тоо  110 мянга гарсан гэж мэдээллээ. Тодруулбал,  НҮБ-ын дүрвэгс­дийн асуудал эрхэлсэн Комиссарын газрын төлөөлөгч Мелисса Племинг “2014 оны эхэн үеэс хойш Украины 110 мянган иргэн Орос руу дүрвэсэн” гэж мэдэгдсэн бөгөөд тэдний ихэнх нь Украины зүүн хэсгийн иргэд байгаа аж. Улмаар эдгээр 110 мянган иргэний дотроос зөвхөн 9500 нь улс төрийн орогнол хүссэн байна. Ихэнхи нь бусад оршин суух эрх зүйн  орчин хүсэмжилдэг гэнэ. Тэдний ихэнх нь Украины хилтэй ойролцоо байрладаг ОХУ-ын баруун урд хэсгийн Ростов-на-Дон эсвэл зүүн хэсгийн  Брянскт орогнодог гэж үзэж байгаа бөгөөд Орос гаралтай эсэхийг нь тогтоох боломжгүй байгаа юм байна. Нөгөө талаар, Украины Засгийн газраас зарласан гал зогсоох хугацаа эл өдөр дууссан билээ. Холбогдох эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Украины зүүн хэсгээс ОХУ руу өнгөрсөн долоо хоногийн байдлаар л гэхэд 16400 хүн дүрвэсэн бөгөөд энэ оны байдлаар нийтдээ 54400 иргэн дүрвэсэн гэсэн мэдээлэл байна. Одоогийн байдлаар Украины талаас ОХУ-руу дүрвэн гарсан иргэдийн тоог мэдээлээгүй байгаа юм. Харин Оросын цагаачлалын албанаас тус улсад Украинаас  90 мянган иргэн дүрвэн орж ирсэн гэж мэдээлжээ. Украины дүрвэгчдийн ихэнх  нь Изварян хилийн шалган нэвтрүүлэхээр орж ирдэг аж. Мөн Украины зүүн хэсэгт зөрчил эхэлснээс хойш нийт 400 гаруй хүн амь үрэгдээд буй талаар НҮБ-аас мэдээлсэн байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button