Токиогоос илгээх “зөв мессеж”

Токиогоос илгээх “зөв мессеж”

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Япон Улсад хийж байгаа айлчлал амжилттай өндөрлөж байгааг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг айлчлалыг сурвалжилж яваа Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд өнөөдөр /2014.07.23/ хэллээ. Энэхүү айлчлалын хамгийн гол ач холбогдол нь хоёр орны хоорондох эдийн засгийн харилцааг өргөжүүлэх үндэс суурь болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахаар тохиролцсон явдал юм. Хэдийгээр Монгол Улс Япон улстай ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хамгийн том хандивлагч орон байсаар ирсэн ч эдийн засгийн харилцааны цар хүрээгээ тэлж чадахгүй байсан юм. “Улс төрийн харилцааны түвшинд хүрч чадахгүй байсан эдийн засгийн харилцааг хөгжүүлэх” боломжийг олгож байгааг Ч.Сайханбилэг хэлсэн.

Япон улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг дэлхийн ердөө 14 улстай хийсэн байдаг бөгөөд анхных нь Сингапур байсан бол 14 дэх нь Австрали байжээ. Харин хэлэлцээр соёрхон батлагдвал 15 дахь нь болох юм. Эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд 130-д жагсч байгаа Монгол Улс ийм хэлэлцээрийг Япон улстай байгуулахаар тохиролцож чадсан нь Монгол Улсын дэлхийн хамтын нийгэмлэгт илгээсэн “зөв мессеж” болох юм.

Монголын талаас 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр жилийн турш хэлэлцээрийн өмнөх шатанд ажилласан нөр их хөдөлмөр байсны дээр Монголын багийнханд ч том сургууль болсон байна. Нийт 16 бүлэг 10000 гаруй хуудас бүхий хэлэлцээрийн төсөл байгаа бөгөөд одоо энэ бүхнийг орчуулах их ажил өмнө байна. Ингэсний дараа хоёр орны Засгийн газрын тэргүүн үзэглэж, улмаар хоёр улсын хууль тогтоох байгууллага соёрхон батлах учиртай. Хоёр тал ирэх оны хагас гэхэд хэлэлцээрийг соёрхон батлуулахаар ажиллаж байна.

Японы англи хэл дээр хэвлэгдэн гардаг The Japan Times сонины мэдээлснээр 2013 оны байдлаар Японоос Монгол руу 29.3 тэрбум иенийн бараа бүтээгдэхүүн экспортолсон бол Монгол Улс Японоос 1.9 тэрбум иенийн барааг импортолжээ. Японы Монгол руу хийж байгаа экспортын 45 хувийг хэрэглэсэн хуучин авто машин эзэлж байгаа юм.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button