Эдийн засаг хямарсан талаар энэ талын мэдлэгтэй хүмүүс ам уралдан ярьсаар бараг л бүтэн жилийн нүүрийг үзлээ. Нэг хэсэг эрх баригчид эдийн засаг хямраагүй, сайхан байгаа, бүх зүйл болж бүтэж байна гээд л зүтгээд байсан. Эцэстээ нэг юм эдийн засаг хямарч, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, ам.долларын ханш тартагтаа тулсаны дараа хүлээн зөвшөөрсөн. Улмаар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног зарлаж, “Эзэн-100” гэж нэрийдэв. Харин эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн даалгавар аваад ажилдаа орсон Засгийн газарт одоо цөөхөн хоног үлдэж байна. Тодорхой хэлбэл, 20 гаруйхан хоног үлдчихээд байгаа юм.
Үндсэндээ “Эзэн-100”-гийн хугацаа дуусч байгаа ч хийх ажил нь урагшаа явсан уу гэдэг асуулт үлдлээ. Зарим нэг яамнаас эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ямархуу ажиллаж байгаа талаараа танилцуулсан. Уул уурхайн яам гэхэд 19 ажил хийж, хэрэгжүүлэх ёстой бөгөөд 2014 оны долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар үнэлгээ хийхэд биелэлт ерөнхий дүнгээрээ 65 хувьтай гарсан гэж мэдээлсэн.
Цаашид үлдсэн ажлаа эрчимжүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн. Ямар ч байсан зарим нэг яамны ажил урагштай байгаа бололтой юм. Гэхдээ чухам юу хийсэн бэ гэдэг нь сонирхол татаад байна. Бодвол хууль, журамтай холбоотой асуудлуудыг л цэгцэлж байгаа бололтой. Гэхдээ л 100 хоногт хийх ажлын үр дүн гэж нүдэнд харагдаж, гарт баригдахаар юм гарахгүй нь бололтой. Зөвхөн ам.долларын ханшийг л харахад шүү дээ.
Наадмын өмнө 1840 орчим төгрөг байсан ам.доллар эдүгээ 1850 төгрөг, зарим банкинд бүр 1860 төгрөгт хүрч байна. Энэ байдлаараа өсвөл 2000 төгрөгт хүрэхгүй гэх баталгаа алга. Ам.долларын өсөлттэй холбоотойгоор бүхий л бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Талхны үнэ гэхэд 1000 төгрөгт хүрчихлээ. Үнэ нь буурсан нэг ч бараа, бүтээгдэхүүн алга. Мах л жаахан хэлбэлзэлтэй байх шиг байна.
Одоо удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлтгэнэ. Хичээлийн шинэ жилтэй давхцаад долларын ханш өсдөг бичигдээгүй хууль бий. Учир нь наймдугаар сарын сүүлчээс эхлээд ам.долларын эрэлт эрс нэмэгддэг бичигдээгүй хууль бий. Тэгэхээр эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дуусахтай зэрэгцээд өргөн хэрэглээний бараа, хичээлийн хэрэгслийн үнэ улам нэмэгдэж, ам.доллар, юанийн ханш тэнгэрт гарсан байхыг ч үгүйсгэх арга алга.
Мэдээж, 100 хоногт бүх юм орвонгоороо эргэж, эдийн засаг гэнэт өргөс авсан юм шиг сайхан болж, ажилчдаа цомхотгож байгаа компаниуд сэргэнэ гэж байхгүй. Тэгээд Засгийн газрын тэргүүн эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт эдийн засгаа хөгжүүлэх чухал хууль, тогтоолыг батлах бодлого боловсруулах, илүү тодорхойгоор хэлбэл хямралаас гарах гарцыг олох болно. Тийм бодлоготойгоор “Эзэн-100” хөтөлбөрийг эхлүүлсэн.
Түүнээс биш эдийн засгийг илт сэргээнэ гэж яриагүй, хэлээгүй гэдгээ ч мэдэгдсэн. Дээрээс нь эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт долларын ханшийг буруулахгүй ч тогтворжуулна гэдэг амлалт авсан Засгийн газар зүгээр суугаагүй ч гадаад валютын орлого төдийлөн сайн нэмэгдэхгүй хэвээрээ байна. Уг нь Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гээд цөөнгүй хэдэн хүн намар гэхэд ам.долларын ханш тогтворжино. Улсын төсөв батлахад ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар тогтсон.
Энэ ханшин дээр аваачина гэж ярьж байсан ч одоохондоо лав тийм гэрэл гэгээ харагдахгүй байна. Харин ч өнгөрсөн гуравдугаар сарын дундуур Төв Азийн энэ улсын эдийн засгийг хариуцсан Мүүдийз агентлагийн шинжээч Аннушка Шах гэдэг нөхөр “Монголын гадаад валютын нөөц өнгөрсөн жил 40 хувиар багасчээ. Хэрвээ энэ эрчээрээ цааш үргэлжилбэл, оны эцэс гэхэд валютын бүх нөөцөө шавхаж дуусах байдалд хүрэх байдал харагдаж байна. Шинээр бонд гаргаж, өр зээл тавихгүй л бол ийм байдал үүсэх нь ойлгомжтой болж байна.
Валютын нөөц багасах болсон гол шалтгаан нь экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаснаас гадна, гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой юм” хэмээн бичиж, мэдээлж байсан нь одоогийн байдлаар лав биеллээ олж байх шиг байна. Өнөөдрийн байдлаар манай улсад дорвитой хөрөнгө хийж байгаа компани алга. Ерөнхийлөгч Японд айлчилж байгаагийн цаана хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж магадгүй гэсэн горьдлого явж байгаа. Гэхдээ үр дүн нь эерэг байх эсэх нь эргэлзээтэй байгаа.
Хүмүүсийн жиг жуг гэлцэж байгаагаар Ерөнхийлөгчийн Японд айлчлал хийсэн нь сайн гэхээсээ саар ч байж магадгүй байна. Мөн орлогын эх үүсвэр болсон Тавантолгой өрөө дарах гээд юун улс оронд ам.доллар оруулж ирэх манатай байна. Ганц гялтайх мэдээ гэвэл зэсийн ханш л багахан өсч байгаа юм. Нөгөө талаар өчигдөр УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг баталсантай холбоотойгоор Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган мэдээлэл хийж, чихэнд чимэг болчихоор зүйл ярив.
Учир нь дээрх хууль батлагдсанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой болсон аж. Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн жагсаалтыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар батлах юм байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээр энэ онд улсын төсөвт 1-1.5 тэрбум хүртэлх ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой болох аж. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар хүлээн авах, тусгай зөвшөөрлийг нь дугаараар олгох зэрэг ажлыг хийхээр бэлтгэл хангаж эхэлсэн байна.
Хэрвээ энэ ажил эхэлчихвэл овоо хэдэн ам.доллар манайд орж ирж, өнөөх дарга нарын яриад байсан тогтворжилт нь оны эцэс гэхэд биелж магадгүй л юм. Гэхдээ “алаагүй байхад үнэг сайхан” гэдгийн үлгэрийг одоо яриад яах ч юм билээ. Ам.доллар орж ирээд, тэнгэрт тулсан ханш нь бага зэрэг суларвал тэр үед нь л яръя. Ямар ч байсан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд ам.долларын ханш тогтворжихгүй, буурахгүй гэдэг нь тодорхой болж байна.
Н.Пунцагболд
МОНГОЛЫН МЭДЭЭ