УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах өргөдлөө өнөөдөр эргүүлэн татсан. Ингэснээр Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэхгүй болж байгаа юм. Ямар шалтгаанаар асуудлаа эргүүлэн татсан талаар О.Баасанхүү гишүүнээс тодрууллаа.
-Өргөдлөө ямар шалтгаанаар эргүүлэн татсан бэ?
-Тав хоногийн өмнө энэ асуудлаар хаалттай хуралдсан. Өөрөөр хэлбэл, миний өргөн барьсан асуудлаас гадна нэмж шалгах шаардлага байсан. Тухайн үед горимын санал гаргаж, хаалттай хуралдаан дээр асуудлыг нэмж оруулъя гэсэн боловч УИХ-ын дэгийн тухай хуулиар татах, эсвэл түр татаж аваад нэмж оруулах заалттай байсан. Мөн Ерөнхий сайд хэлэхдээ, “Бид МАХН-тай санамж бичиг байгуулсан учраас энэ асуудлаа өөрсдөө дотроо ярина” гэсэн. Тиймээс одоо Ерөнхий сайд Х.Тэмүүжин сайдад хариуцлага тооцох ёстой. Тооцохгүй бол миний зүгээс дахин өргөн барина. Би огцруулах өргөдөлдөө дөрвөн асуудал тусгасан, одоо дахин хэд хэдэн асуудал нэмэх шаардлагатай байгаа. Тиймээс түр татаж авсан. Намайг 30 хоног Монголын төрөөр тоглолоо гэж байна. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Энэ асуудлыг хэлэлцэж байхад МАН, АН хоёр тус бүрдээ тав хоногийн завсарлага авсан. Хууль, шүүхийн байгууллагаар шалгах зүйл байсан учраас ингэж хугацаа алдсан.
-Ерөнхий сайд хариуцлага тооцохгүй бол та өөрөө дахин оруулж ирнэ гэсэн үг үү?
-Ямар ч гэсэн гэрээний дагуу Ерөнхий сайд хариуцлага тооцох ёстой. Миний хувьд бас дахин нэмэлт материалууд шалгуулахаар холбогдох газарт нь хүргүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин сайдын асуудал орхигдохгүй гэсэн үг. УИХ дээр манай нэг сайдын асуудал яригдаж байна. Тиймээс Засгийн газар дээрээ ярилцаад, дүгнэлт гаргах ёстой. Ядаж цалингийн арга хэмжээ авах ч юм уу, нэг үйлдэл байх ёстой. Тиймээс би Ерөнхий сайдад сайддаа хариуцлагаа тооц гэж хэлсэн.
-Хоёр намын хооронд хийсэн санамж бичгийн дагуу та өргөдлөө дахин өргөн барих боломжгүй юм биш үү
-Боломжтой. Би өмнө нь Тамхины хуульд өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөл өргөн бариад буцааж аваад Тамхины тухай хууль өргөн барьж байсан. Яг үүнтэй адил дахин өргөх боломжтой. Нам УИХ-ын гишүүний эрхэд халдаж болохгүй.
-Өмнөд Солонгос улсыг зорьж намын даргатайгаа уулзаад өргөдлөө эргүүлэн татах шийдвэр гаргасан гэсэн хардлага байна л даа?
-Би жил бүр үзүүлдэг журмын дагуу сая БНСУ-д үзүүлээд ирсэн. Намын даргатайгаа уулзсан. Н.Энхбаяр дарга Х.Тэмүүжин сайдын асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй. Яагаад гэвэл намын дотоод асуудалд оролцохгүй. Гэхдээ би бол Х.Тэмүүжинг өмөөрөхгүй гэж байна лээ.