Хотын төвийн нэгэн байшин нуржээ. Бурхан буруутныг олохоор барилгын материалуудыг дуудаж гэнэ. Хамгийн түрүүнд ирсэн тоосго "Надад асуудал байгаагүй. Бат бөх хэвээрээ байна" гэжээ. Дараа нь ирсэн арматур төмөр "Би гулзайж нугараагүй. Чанар минь янзаараа" гэв. Харин сүүлдэж ирсэн цемент "Нурсан барилга надад хамаагүй шүү. Би оролцоо ч үгүй" гэжээ. Өнөөх хүн нь цементгүйгээр барилга барьчихсан хэрэг. Эндээс хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг шиг барилгад цемент 70 хувиас илүү үүрэгтэйг харж болно. Барилгыг тоосгогүй, модгүй, арматур төмөргүй барьж болно. Харин цементгүй баривал юунд хүргэхийг дээрх анекдот харуулжээ.
Зам, бүтээн байгуулалт эрчимжсэнтэй холбоотойгоор сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын цементийн хэрэглээ 10 дахин өссөн байна. Өнгөрсөн жилд л гэхэд манай улс 1.8 сая тонн цемент хэрэглэжээ. Энэ хэрэглээ улам ч өснө. Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулаад, уул уурхай түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтууд явуулахад, шинэ нисэх онгоцны буудалтай болоход, томоохон хороолол, хурдны зам барихад цемент л хэрэгтэй. Цементгүй бүтээн байгуулалт гэж үгүй.
"Дотоодын цемент үйлдвэрлэгчдээ дэмжие, хөрөнгө оруулъя" гэдэг үгийг хангалттай сонслоо. Тэгвэл Монголыг импортын цементээс хараат бус болгож эхэлсэн түүхэн үйл явдал уржигдар тохиолоо. Энэ бол Монголд бүтээн байгуулалтын шинэ эрин үе эхлүүлсэн Сэлэнгэ аймгийн "Хөтөлийн цемент шохой" компанийн шинэ үйлдвэрийг хүлээж авсан түүхэн мөч байсан юм. Үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын албаны хүмүүс оролцож тууз хайчилсан. Төр, засгийн удирдлагууд сүүлийн 20 гаруй жил хангалттай олон удаа тууз хайчилсан. Гэхдээ шав тавих, баялгаа гадагш зөөх тууз л хайчлаад байсан. Харин баялгаа Монголдоо үлдээх, импортыг орлох үйлдвэрийн нээрлт бараг болж байгаагүй. Энэ удаагийнх хамгийн богино хугацаанд барьсан үйлдвэр гэдгээрээ онцлог байв.
Н.Алтанхуяг: Нэг сая тонн цемент бидэнд мөрөөдөл байсан
Үйлдвэрийн нээлтэд ирсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Нэг сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулах баярт мөчийг хамтдаа угтаж байна. Энэ бүтээж чадсан үндэсний компаниудад, хөтөлчүүдэд халуун баяр хүргэе. Нэг сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр гэдэг бол бидний хувьд мөрөөдөл байсан юм. Бид ямар ч байсан Монгол Улсын цементийн жилийн хэрэгцээний талаас илүү хувийг хангах хүчин чадалтай үйлдвэрийг хүлээн авч байна. Монгол Улсын Хөгжлийн банк, үндэсний хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийн зүтгэлээр энэ үйлдвэрийг нэг жил зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулж чадлаа. Би үнэхээр бахархаж, баярлаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор Монголын эдийн засаг хүчирхэгжиж байна. Орон сууцны хөтөлбөр, олон мянган км зам тавьж байгаатай холбогдуулан цементийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа. Сая би замаараа Дарханы "Эрэл"-ийн цементийн үйлдвэртэй танилцахад жилд 100 мянган тонныг үйлдвэрлэнэ гэж байна. Дорноговь аймагт хоёр сая 240 мянган тоннын хүчин чадалтай цементийн гурван үйлдвэр ашиглалтад орохоор ажил нь явж байна. Хувийн хэвшил өөрсдөө санаачилга гаргаад, зүтгэж яваа болохоор Чингис бондын хөрөнгөөс дэмжлэг үзүүлье гэж байгаа. Хийж чадах зүйлээ дотооддоо хийчихвэл гадагшаа гардаг ам.доллараа аваад үлдэж байя. Импортыг орлох, экспортыг дэмжих бодлогод Хөтөлийн цементийн шинэ үйлдвэр 100 хувь нийцэж байна. Сард 100 мянган тонн цемент тээрэмдээд тавьчих боломж та бүхэнд байна. Ийм сайхан бүтээн байгуулалт босгож, 920 хүнийг ажлын байртай болгож чадсан "Бейзмэнт" компанид амжилт хүсье" гэв.
Манай улс өнгөрсөн жил 1.8 сая тонн цемент хэрэглэсэн гэдгийг дээр дурдсан. Хөтөлд боссон хуурай аргаар цемент үйлдвэрлэх үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Дорноговьд "Монполимет"-ийн охин компани "Сэнж сант"-ын барьж буй "Монцемент", "МАК"-ийн барьж буй Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтад орчихвол БНХАУ-аас нэг шуудай ч цемент импортлох шаардлагагүй болж байна. "Хөтөлийн цемент шохой" компани 1987 онд ЗХУ-ын техник технологиор жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохойг нойтон аргын технологиор үйлдвэрлэх хүчин чадалтай ашиглалтад орсон. Өнөөг хүртэл дунджаар жилд 350 мянган тонн цементийг дотоодын зах зээлд нийлүүлж иржээ. 26 жил тасралтгүй ажиллаж, технологи нь хуучирсан дээрх үйлдвэрийг үндэсний хөрөнгө оруулагч "Бейзмэнт" компани хөрөнгөөр дэмжиж хуурай аргаар цемент үйлдвэрлэх шинэ үйлдвэр барьж өгсөн юм. Одоохондоо Монгол Улсад хуурай аргаар цемент үйлдвэрлэх хамгийн орчин үеийн дэвшилтэт технологитой үйлдвэр энэ болж байна. "Хөтөлийн цемент шохой" үйлдвэрийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал А.Дэмчигжавын хэлж буйгаар, үйлдвэрийг нойтон технологиос хуурай технологид шилжүүлснээр эдийн засгийн маш их хэмнэлт, бүтээмж гарах ажээ. Үйлдвэрийн хүчин чадал өмнөхөөсөө дөрөв дахин их, зардал нь дөрөв дахин бага болжээ.
Г.Батдорж: Хятадын цементээс чанараар илүү, үнэ нь адил
Монголын анхны хуурай аргаар цемент үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулахад есөн компани оролцжээ. Хөрөнгө оруулагчаар "Бейзмэнт", төслийн зөвлөхөөр Германы "Humboldt Wedag KHD", "AMBROSY", тоног төхөөрөмж нийлүүлэгчээр БНХАУ-ын "Жансү Пенгфей групп" ажилласан байна. Мөн Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банкныхан санхүүжүүлж оролцсон гэдгийг үйлдвэрийн захирал Г.БАТДОРЖ онцоллоо. Түүнээс зарим зүйлийг тодруулав.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээг хэдэн жилээр байгуулсан бэ?
-Бүтээгдэхүүн хуваах гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан. Өнөөдрийн байдлаар гурван жил хагасыг нь өнгөрөөсөн байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг 90:10 харьцаатай байгуулсан байдаг.
-Нийт хэдэн хүн ажиллаж байгаа вэ?
-Одоогоор 880 ажилтантай. Гэрээт ажилтантай нийлээд 920 хүрнэ. Зөвхөн цементийн үйлдвэрээс гадна ложистик, баяжуулах, дулааны станц гээд явна. Дулааны станцад 75 хүн ажилладаг.
-Ажилчдын цалинг тавьж чадахгүй байна гэж байсан. Цалинг нь олгосон уу?
-Би ажлаа 2013 оны арванхоёрдугаар сарын 13-нд хүлээж авсан. Тэгэхэд 9-11 дүгээр сарын цалинг тавиагүй байсан. Ийм учраас Улаанбаатар хотын банкинд хандаж ес, аравдугаар сарын цалинг тавьсан. Дараа нь Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт хандаж арваннэг, арванхоёрдугаар сарын цалингаа тавьсан байгаа. Он гарсаар дахин хөрөнгө оруулагчдадаа хандаж "Бейзмэнт"-ээр шийдүүлсэн байгаа. Үйлдвэрийн алдагдал өнгөрсөн жил зургаан тэрбумд хүрсэн. Энэ жил бид 10 хувийнхаа алдагдлаар явахад ямар ч алдагдалгүй, тодорхой хэмжээний нэмэх оноотой явна.
-Ажилчдын цалинг нэмэх үү?
-Цалин харьцангуй багавтар талдаа. Төрийн өмчийн хорооноос томилогдсон ТУЗ-ийн гишүүдтэй ярилцаж цалинг энэ жил хоёр үе шатаар нэмнэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Үүнийгээ хөрөнгө оруулагчидтай тохиролцсон.
-"МАК", "Монполимет"-ийн цементийн томоохон үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно. Энэ нь зах зээлд бүтээгдэхүүн борлуулахад асуудал үүсэх магадлалтай юу?
-Тэднийг бид өрсөлдөгч гэж харахгүй багаа. Харин ч үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулахыг нь хүлээж байна. Монгол хүн, монголчуууд юм бүтээж, цементийн импортыг халах нь чухал. Харин цаашид цементийн зах зээлийнхээ багтаамжид тааруулж үндэсний компаниудаа дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдыг хязгаарлах тал дээр төр, засаг анхаарах байх гэдэгт найдаж байна. Бид ажлаа хийлээ, төр харин бодлогоор дэмжих байх.
-Эндээс гарах цементээ хэдэн төгрөгөөр худалдах вэ?
-Өмнө нь цемент борлуулах үнээс өртөг нь давж алдагдалтай ажиллаж байсан. Ноднин цементийн үнэ 139 мянган төгрөг байсан. Гэтэл үйлдвэрлэлийн өртөг нь 143 мянга байсан. Одоо бол шинэ үйлдвэрээрээ явахад өртгөө 40 хувиар бууруулж чадна. БНХАУ-аас оруулж ирж байгаа цементтэй үнээрээ өрсөлдөх чадвартай, хямд болсон.
-Чанарын хувьд?
-Эрээнд, Өвөрмонголын зарим мужид үйлдвэрлэж байгаа цементээс чанараараа хамаагүй илүү. Яагаад гэвэл бид 30 жилийн туршлагатай итгэмжлэгдсэн лабораторитой. Манай боловсон хүчин ч сайн.
-Энд үйлдвэрлэсэн цементийг аль бүтээн байгуулалтад ашиглаж байгаа вэ?
-Эндээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, хойд чиглэлийн хурдын замуудын бетон замд нийлүүлж байна" гэв.
Түүхэнд үлдэх бүтээн байгуулалтыг баримтжуулахаар очсон би өөрөө Хөтөлийн унаган хүүхэд л дээ. 30 жилийн түүхтэй хот, 30 жилийн түүхтэй үйлдвэртэй хамт 30 нас хүрэх гэж явна. 10 мянган хүн амтай хөтөлчүүдийн маань амьдрал Цемент шохойн үйлдвэрээс шууд хамаардгийг нь мэднэ. Нэг айлын дор хаяж хоёр хүн үйлдвэрийн болон харьяа байгууллагынх нь цалингаар амьдардаг. Үйлдвэр алдагдалд орж, хувьчлах яриа гарч, цалингаа тавьж хүчрэхгүй үед аав, ээжтэйгээ өлсч ч үзсэн, би. Хөтөл хоёрдугаар ордоо авч үлдэхэд аавтайгаа хамт баярлаж ч явснаа сая сурвалжлагаар очихдоо саналаа. Хөтөлийн цемент шохой комбинатыг оросуудтай хамт босголцож, Хөтөл хэмээх хотыг ямар ч гэр хороололгүй, барилгаар дүүргэнэ гэж бардамнаж, тэрэндээ хүрсэн илгээлтийн эзэд шинэ үйлдвэрээ хараад бахархаж, баярлаж сууна лээ. Энгэртээ одон медалиа гялалзуулсан анхны илгээлтийн эзэд одоо 50-80 насныхан. Тэдний хүүхдүүд одоо инженер, машинист, ахлахууд болчихсон ажиллаж байгаа. Хөтөл маань Хөтөлөөрөө үлдэж, харин ч хөгжих "саалийн үнээтэй" болсонд Хөтөлийнхөн баяртай байна. Монголдоо анх удаа хуурай аргын технологиор цемент үйлдвэрлэх энэхүү үйлдвэр хамгийн түрүүнд хөтөлчүүдийн амьдралд улмаар нийт монголчуудын амьдралд олон эерэг үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна. Хөтөлийн цемент энэ жилээс эхлэн импортыг орлохоор болж байна.
Монголчууд их үсэрч чадлаа, "импортын цемент баяртай" гэхэд ч ойртлоо. Их бүтээн байгуулалтыг PR, улстөргүйгээр чимээгүйхэн бүтээж, эцэст нь сюрприз болгон задалж болдгийн бодит жишээг үзүүлсэн үндэсний компаниуддаа баярлалаа.