Үерийн усанд 5 сайхан залуу амь насаа алдсан талаарх мэдээ сэтгэл түгшээхтэй зэрэгцээд барилга дээрээс 3 хүн унаж нас барсан аймшигт явдал өнгөрсөн амралтын өдөр болов.
Чингэлтэй дүүргийн IV хороонд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Нийслэл өргөө” компанийн барьж буй Нийгмийн хамгааллын салбарын архивын барилга дээрээс бямба гарагийн 05:00 цагийн үед 13 давхарт цахилгаан шат засч байсан гурван ажилтан унаж хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Сүүлийн жилүүдэд барилгын салбарын осол аваар буурч байгаа гэж салбарын яамнаас мэдэгдэж байгаа ч хүний амь нас хохирч л байгаа бол тооны харьцаа багассаныг дэвшил гэж үзэх нь даан ч өрөөсгөл болох биз.
Өнгөрсөн онд хүний амь нас, эрүүл мэнд хохирсон ноцтой осол барилгын салбарт цөөнгүй гарсан. Осол гарах бүрт осол гэмтлийг бууруулна, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулна, зөрчил гаргасан этгээдэд хатуу хариуцлага тооцно гэхчилэн салбар эрхэлсэн яам, мэргэжлийн хяналтын газраас сүржин мэдээлэл хийдэг ч тэр бүр тодорхой үр дүнд хүрэхгүй байсаар сураг алдарсан.
Харин 2014 он гарсаар орон сууцны үнэ тойрсон яриаг эс тооцвол барилгын салбар нам гүм байлаа. Гэтэл энэхүү нам гүм байдлыг нэг л өглөө гарсан аймшигт осол эвдэж орхив. Барилгын салбарынхан өмнөх жилүүдэд гарсан осол эндэгдлээс хангалттай сургамж аваагүй нь энэ явдлаар илэрхий боллоо. Бүтээн байгуулж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нь зүйн хэрэг ч тэнд ажиллагсдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь хүн ёсны хувьд нэн тэргүүний үүрэг баймаар.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих, хариуцлага тооцох системийн аль аль нь дутагдалтай байгааг мэргэжилтнүүд шүүмжилдэг. Хэдий болтол бие бие рүүгээ алдаагаа чихэж хүний амь насаар тоглох вэ барилгынхаан. Хаа хаанаа үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлаж, эрүүл мэнд, амь насаа сахин хамгаалъя гэхээс өөр үг олдохгүй байгаа нь харамсалтай.
Нэмж хэлэхэд барилгын салбарыг тойрсон балаг ганц осол аваараар хязгаарлагддагүй болсоор удаж байна. Орон сууцны айлуудын цонхыг хааж, хүүхдийн тоглоомын талбайг булааж, сул хөрстэй далан, эсвэл голын эргийн намаг дээр гээд хаа таарсан газарт барилга барих нь энүүхэнд болсон. Үүнийг нь ч хэвийн үзэгдэл мэт хүлээж аваад дадчихаж. Шинээр баригдсан зарим барилгын чанар ч гэж авах юм байхгүй. Худалдаж авсан байрных нь хана цуурсан, шал цөмөрсөн, өвөл цонх нь цантаж хана мөөгөнцөртсөн, ус алдсан, граж усанд автсан гэхчилэн тоочиж барамгүй саар мэдээ тасрахгүй дуулдсаар.
Ер нь энэ барилгынхныг хариуцах төр, хууль дүрэм манайд байна уу?