Туркийн баруун хэсгийн Маниса мужийн Сома хот дахь нүүрсний уурхайд өчигдөр /V.13/ дэлбэрэлт болсон талаар бид мэдээлсэн билээ. Осол гарах үед уурхайд 787 уурхайчин ажиллаж байсан талаар Туркийн Эрчим хүчний сайд Танер Ялдиз мэдээлсэн байна. Аврах албаныхан уурхайн хоёр км-ийн гүнд нурангид даруулсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байгаа ба амь үрэгдэгсдийн тоо сүүлийн мэдээллээр 201 болж нэмэгджээ. Дэлбэрэлтээс шалтгаалсан галын улмаас 80 гаруй хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдээд байгаа юм. Уурхайн дэлбэрэлтийн шалтгааныг цахилгааны шугамнаас үүдэлтэй хэмээн мэдээлж байна. Осол гарсан нүүрсний уурхай нь Туркийн нийслэл Анкара хотоос 450 км-ийн зайтай оршдог ажээ.
Туркийн түүхэнд хамгийн их гарз учруулсан уурхайн осол 1992 онд Зондулак хотод болж, 250 гаруй уурхайчин амь үрэгдэж байсан юм.